“Эрдэнэт” үйлдвэр айл өрхийн цахилгааны төлбөрийг дахин зургаан сар төлнө

Засгийн газар

Засгийн газар цар тахлын тухай хуулийг дахин зургаан сараар сунгахаар төлөвлөсөн. Энэ хуулиар ипотекийн зээлийн төлөлт хойшлогдож магадгүй байгаа юм. Дээр нь айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг 7-р сарын 1 хүртэл төр даах зохицуулалт яригдаж эхэлжээ. Гэхдээ энэ удаад айл өрхүүдийн төлбөрөөс чөлөөлөгдөх хэрэглээг хязгаартай байлгахаар болсон байна.

 

Гэр хорооллын айл 350 квт, орон сууцны айл 250 квт-аас дээш цахилгааны хэрэглээгээ өөрсдөө төлнө.

Цар тахал дотоодод тархаж нөхцөл байдал хүндэрсэн үед айл өрхийн цахилгаан дулааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр жил орчмын хугацаанд төлсөн. Цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрт өнгөрсөн онд 1.1 их наяд төгрөг зарцуулснаас зөвхөн цахилгааны зардалд 800 гаруй тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд гаргажээ. Тэгвэл дахин 75 тэрбум төгрөгийг гаргаж ирэх оны 1-р сарын 1-ний өдрөөс 7-р сарын 1-ний өдрийг хүртэл айл өрхийн цахилгааны хэрэглээг даахаар төлөвлөж байна.

Ингэхдээ гэр хорооллын айлууд 350 квт хүртэл цахилгааны зардлаа төлүүлэх бол, орон сууцны айлууд 250 квт хүртэл зардлаа төлүүлж илүү гарсан зардлыг өөрсдөө төлөхөөр болж байгааг Шадар сайд хэллээ.

Цар тахлын хуулийг сунгаж байгаатай холбоотой цахилгаан дулааны үнийг дахин төрөөс даах нь гэсэн ташаа ойлголт олон нийтийн дунд үүссэн. Дээрх хөнгөлөлтийг цар тахлын хуулиар биш төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрийн ашгаас гаргаж байгаа юм.

Аж ахуй нэгжүүдийн цахилгааны төлбөрийг ирэх онд төрөөс даахгүй

Харин  ирэх оны эхээс аж ахуй нэгжүүд цахилгаан дулааны зардлаа өөрсдөө төлж эхэлнэ. Цар тахлын хуулиар иргэдэд олгогдож байгаа хөнгөлөлт нь ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах юм.

Шинэ төрлийн Омикрон мутаци хэр хэмжээний хохирол дагуулахыг тооцох боломжгүй тул улс нийтээрээ эрсдэлээс сэргийлж халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь чухлыг тэрээр онцолж байна.

Засгийн газар сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдгэлэхгүй байх чиглэл өгсөн ч УОК ямар нэг журам, дүрэм гаргаж хязгаарлалт хийхгүйг  хэллээ.

Гол нь иргэд ухамсартай байж гэр бүлийн хүрээнд баярлан халдвараас сэргийлэхийг Шадар сайд уриалсан юм.