Халдварын эрсдэлийн шар түвшинд ямар нэг хязгаарлалт хийхгүй боллоо

Засгийн газар

Омикрон хувилбар дэлхийн зарим орнуудад өдөртөө л 200-400 мянган тохиолдлоор бүртгэгдэж байна. Энэ нь бусад мутацийн тархах хурдаас хэд дахин өндөр байгаа юм. Манай улсад Омикрон хувилбар тархах эрсдэл өндөр, цаг хугацааны асуудал болоод байгаа ч тархсан тохиолдолд хатуу хөл хорио тогтоож хязгаарлах арга хэмжээ авахгүйг УОК-оос мэдэгдлээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тусгай журам гаргаж аймаг орон нутгийн удирдлагууд тухайн бүс нутгийнхаа халдварын эрсдэлийн үнэлгээг хийж түвшин тогтоох, хязгаарлах арга хэмжээ авах эрхийг нээж өглөө.   

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар халдварын эрсдэлийг тогтоодог улаан улбар шар, шар ногоон гэсэн дөрвөн түвшинг өөрчлөн шинэчиллээ. Учир нь цар тахлын эсрэг вакцинжуулалт эхлээгүй, вирусыг тодорхой хэмжээнд судалж таниагүй байх үед дээрх түвшингүүдийг тогтоож байсан. Дотоодод дөнгөж халдвар гарсан анхны нөхцөл байдлыг бодвол өнөөдөр харьцангүй өөр болсон тул халдварын шар түвшинд хязгаарлаж байсан таван үйл ажиллагааг хязгаарлахаа больж байна. 

Аймаг, орон нутгийн удирдлага, Онцгой комисс эрсдэлийн түвшин тогтоож шаардлагатай бол хязгаарлалт хийнэ 

Эцсийн байдлаар улаан түвшинд ямар арга хэмжээ авч хязгаарлах, улбар шар, шар ногоон түвшинд дараах зохицуулалт хийнэ гэсэн нэгдсэн журам тодорхой гараагүй байна. УОК дээрх асуудлаа эцэслээд олон нийтэд танилцуулна гэдгийг хэллээ. Мөн улс нийтээр нь хатуу хөл хорио тогтоож хязгаарладаг байсан асуудлыг болиулж байна. Өөрөөр бол тухайн аймаг орон нутгийн удирдлага онцгой комисс нь тухайн бүсдээ эрсдэлийн үнэлгээ хийж түвшин тогтоох, хязгаарлах арга хэмжээ авах эсэхээ өөрсдөө шийддэг боллоо.

Манай улс дархлаажуулалтыг өндөр хувьтай хийж ирэх долоо хоногоос дөрөвдүгээр тунг эхлүүлж байгаатай холбоотой цаашид ямар нэг хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлаж хөл хорио тогтоохгүй байх бодлого баримтална гэж УОКоос мэдэгдлээ.