Б.ЛХАГВАСҮРЭН: Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд хэрэглээний зээл 2 нэгж хувиар буурсан 

Засгийн газар

Улсын их хурлын эдийн засгийн байнгын хороо зээлийн хүү бууруулах стратегийн хэрэгжилттэй өнөөдөр /2022.01.11/ танилцлаа. 2020 онд батлагдсан энэ төлөвлөгөө  ёсоор 2023 оны сүүл гэхэд зээлийн хүү сарын нэг хувьд хүрэх ёстой юм. Өнөөдөр /2022.01.11/ Улсын их хурлаас баталсан стратеги, төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэхийг гишүүд нэгбүрчлэн тодрууллаа.

Монголбанкны зүгээс 2021 оны дөрөвдүгээр улиралд бодлогын хүүгээ өсгөх эсэх асуудлыг ярилцаж, энэ оны нэгдүгээр улирлын байдлыг ажиглан шийдвэр гаргахаар төлөвлөжээ. Эдийн засгийн нөхцөл байдлыг харахад бодлогын хүүг нэмэх шийдвэр гарахаар байгааг Монголбанкны төлөөллүүд хэлж байна.

2020 онд эдийн засаг дөнгөж сэргэсэн. Эдийн засаг сэргэж байх үед нь бодлогын хүүг өсгөх нь тодорхой хэмжээгээр сэргэлтийг саармагжуулж өсөлтийг зогсоох сөрөг үр дагавартай байсан учраас бодлогын хүүг өсгөөгүй гэдгийг Монголбанкны зүгээс тайлбарлалаа. Цаашид бодлогын хүүг нэмэх шаардлагатай гэж байгаа юм. 

Зээлийн хүүг бууруулснаар улс орны эдийн засаг сэргэж, иргэдийн амьдрал сайжирна гэж үзэж байгаа. Тиймдээ ч өнгөрсөн 8 дугаар сард зээлийн хүү бууруулах стратегийг боловсруулсан. Зээлийн хүү бууруулах стратегийг хэрэгжүүлэхээс өмнө цалингийн зээл 17 хувь, хадгаламж барьцаалсан зээл 18, автомашин барьцаалсан зээл 19, малчны зээл 20 хувьтай байсан байна. Харин өнөөдрийн байдлаар зээлийн хүү дор бүрнээ 2-3 нэгж хувиар буурч үр дүнгээ харуулж байгаа гэдгийг хэлж байна. 

Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд 2023 оны эцэс гэхэд зээлийн жигнэсэн дундаж сарын хүүг 1%-д хүргэх төлөвлөгөөтэй. Зээлийн хүүгийн хязгаарыг захиргаадан тогтоох нь мөнгө хүүлэхийг зогсоодог ч, зах зээлийн бус аргаар чөлөөт өрсөлдөөнийг хязгаарладаг гэдгийг эдийн засагчид онцолжээ. Үүний үр дүнд бага орлоготой, өндөр эрсдэлтэй зээлдэгчдэд банкны зээл олдох нь буурдаг болохыг эдийн засгийн салбарын шинжээчид онцолжээ.