Г.ЁНДОН: Өвлийн олимпоос хойш л нүүрс хэвийн гарч эхэлнэ гэсэн таамагтай байна

Засгийн газар

Манай улс энэ онд 18 их наяд төгрөгийн орлого олно гэж засгийн газар төлөвлөж улсын нэгдсэн төсвийг баталсан.  Хэт өөдрөг төсөөлөл гэх шүүмжлэл дагуулсан энэ оны төсвийн орлогын 4 их наяд төгрөгийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос олно гэж төлөвлөсөн. Гэвч он гарснаас хойш өнөөдрийн байдлаар ердөө 100 орчим машин нүүрс экспортод гарсан гэдгийг Уул уурхайн сайд хэллээ. Энэ хэвээр цааш үргэлжилбэл орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадахгүй тул Ерөнхий сайд Хятадад хийх айлчлалаараа дээрх асуудлыг хөндөхөөр төлөвлөөд байна. Өвлийн олимпоор засгийн газрын тэргүүн Хятад Улсад айлчлахдаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх асуудлаар зөвшилцөхөөр төлөвлөжээ.

Улсын төсвийн дөрөвний нэгийг уул уурхайн баялгаасаа олно. Ингэж бид 2022 оны улсын төсвөө баталсан. Тодруулбал, нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт баялгаа экспортолж байж 4.3 их наядыг босгох ёстой юм. Гэтэл он гарсаар бид 100 гаруйхан автомашин нүүрс экспортолжээ. Экспорт гацсан шалтгаан нь цар тахлын улмаас БНХАУ-ыН тал нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүн хилээр оруулахаа бууруулсантай шууд холбоотой. Харин 2 сард БНХАУ-д өвлийн олимп явагдаж дуусна. Үүний дараа манай улсын экспорт нэмэгдэх болов уу гэсэн мэдээлэлтэй байгааг Уул уурхайн сайд хэлж байна.

Нүүрсний экспорт эрс буурсантай холбоотойгоор өнөөдрийн байдлаар нүүрс экспортолдог жижиг уурхайнууд үйл ажиллагаагаа зогсоож, ихэнх нь ажилгүй байдалд шилжээд байгаа. Харин нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлт дотооддоо л бага зэрэг явагдаж байгаа юм. Хэрэв энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл уул уурхайн салбар эрсдэлд орж, олон мянган хүн ажилгүй болох эрсдэл бий. Харин салбарын яам энэ байдал удаан үргэлжлэхгүй гол экспортлогч улс болох БНХАУ-д өвлийн олимп дууссаны дараа экспорт хэвийн явагдана гэж үзэж байгаа гэлээ.