С.АМАРСАЙХАН: Замын-Үүд боомтоор ачаа бараа хэвийн явж эхэлсэн, одоо ачааны үнийг бууруулах арга хэмжээ авна

Засгийн газар

Өнгөрсөн сарын 11-ний өдрөөс эхлэн Замын-Үүдээр чингэлэг тээврийн ачаа бараа нэвтэрч эхэлсэн. Өдөрт нэвтэрч байгаа чингэлгээр барилгын материал, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл гээд бүх төрлийн ачаа бараа нэвтэрч байгааг Шадар сайд хэллээ. Хил дээр бөөгнөрсөн ачаа барааг хурдан хугацаанд нэвтрүүлэхийн тулд чингэлэг тээврээс гадна төмөр замаар тээвэрлэх хүсэлтээ Хятадын талд тавьсан байна. Цаашид хил дээр дахин ямар нэг асуудал үүсгэхгүй байхад онцгой анхаарахаас гадна ачаа тээврийн үнийг бууруулах бодлого баримталж байгааг онцоллоо.

Багагүй хугацаанд гацаад байсан Зам-Үүдийн автозамын боомтоор энэ сарын 11-ний өдрөөс эхлэн чингэлэг тээврээр ачаа бараа орж эхэлсэн. Одоогоор 60-67 чингэлэг ачаа БНХАУ-ын талаас орж ирж байна. Цаашид энэ тоо нэмэгдээд явна гэдгийг энэ ажлыг ахалж байгаа Шадар сайд хэллээ.

Одоогоор 1-р сарын 11-16 хооронд Замын-Үүд-Эрээн автозамын боомтоор 301 чингэлэгт 5200 орчим тонн ачаа орж ирээд байна. Нэгэнт ачаа бараа чингэлгээр хэвийн явж эхэлсэн учраас цаашид ачааны тээврийн үнийг буулгах тал дээр ажиллана гэж байна.

Мөн цаашид төмөр замын өргөн царигаар БНХАУ-ын талаас ачаа бараа татан авах ажлыг Хятадын талтай ярилцаж байна. Хэрэв энэ ажил амжилттай болвол импортын ачаа бараа ямар ч асуудалгүй болно гэлээ. Мөн төмөр замын нарийн царигаар экспортын бүтээгдэхүүнээ гаргах асуудлыг ч Хятадын талтай ярилцаж байгааг Шадар сайд онцоллоо.

2-р сарын эхээр Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэх гээд бүхий л асуудлыг төрийн дээд хэмжээнд ярилцана гэдгийг Шадар сайд онцоллоо. Асуудлыг ганцхан манай улсын тал шийдэх боломжгүй Хятадын талтай ярилцаж шийдэх асуудал олон байгаа гэж байна.