Оюутолгойгоос Монголд оруулах эдийн засгийн үр өгөөж гурав дахин нэмэгдэнэ 

Засгийн газар

Оюу толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар болон Рио тинто компанийн хооронд үүссэн маргаан өндөрлөж харилцан тохиролцож чадснаар үйлдвэрлэл дахин сэргэж байгаа нь энэ юм. Гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын анхны тэсэлгээний командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөө. Мөн төсөл эхэлсэн цагаас хойш Монголын Засгийн газарт үүссэн байсан 2.3 тэрбум америк долларын өр өнөөдрөөс бүрэн тэглэгдлээ.

 

Өнгөрсөн 13 жилийн хугацаанд үе үеийн засгийн газрын толгойны өвчин, улс төрчдийн дундах хэрүүлийн алим байж ирсэн Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт өнөөдөр эхэлж анхны тэсэлгээ хийгдлээ.

2009 онд Монголын засгийн газар Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшихийн тулд зээлээр авах өрийн бичигт гарын үсэг зурснаар өнөөдрийг хүртэл 2.3 тэрбум ам долларын өр үүсээд байсан. Тэгвэл өрийг албан ёсоор тэглэж ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэхээс сэргийлж чадлаа гэдгийг засгийн газрын тэргүүн онцоллоо.  

Оюутолгой төсөл анх эхлэхэд Монголын тал 53 хувь, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөж хүртэнэ гэж эдийн засгийн тооцоолол хийж байсан. Гэвч хөрөнгө оруулагч тал зардлаа өсгөх замаар Монголын талын өрийг нэмж, улмаар хэзээ ашиг хүртэх нь тодорхойгүй болоод байсан юм. Тэгвэл өнөөдөр эхэлж байгаа гүний уурхайн бүтээн байгуулалт 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад орно гэж талууд харилцан тохиролцжээ. Ингэснээр Оюутолгой төслөөс Монгол Улсын эдийн засагт оруулах үр өгөөж гурав дахин нэмэгдэнэ гэж мэдэгдлээ.

Гүний уурхай бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюутолгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэх эдийн засгийн тооцоолол хийгдээд байна. Гэхдээ анх хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө шиг асуудал эсрэгээрээ эргэж, төсөл зогсох хэмжээнд хүрэх улс төрийн эрсдэл дахин үүсэхгүй байхад талууд анхаарах хэрэгтэйг засгийн газрын тэргүүн онцолсон юм. Мөн анх хийгдсэн гэрээгээр Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад ашиглах эрчим хүчийг Монголоос авахаар заасан ч хөрөнгө оруулагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Харин засгийн газар хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнгээр Тавантолгой дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдсэн байна. Ингэснээр жил бүр гадаадаас худалдан авч байгаа 120 гаруй сая долларын урсгал Монголд үлдэх юм.