Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудлыг хотын удирдлагууд болон судлаач нар дахин нэг ярилцлаа. Өглөө оройдоо тэг зогсоход ойрхон байгаа энэ асуудлыг хэдхэн өдрийн дотор шийдэх боломж тун хомс гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж байна. Яагаад гэвэл хөрөнгө санхүү, тендерийн маргаан гээд олон саад байгааг онцоллоо. Түгжрэлийг бууруулахад бүх анхаарлаа хандуулж ажиллахад доод тал нь 4 жилийн дараа үр дүн гарна гэж тооцоолсон байна.
1.6 сая хүн амтай гэх нийслэл хотын замын хөдөлгөөн хэзээ мөдгүй тэг зогсоход ойрхон байна. Жилд 100 мянгаар нэмэгдэх тээврийн хэрэгслийн тооноос гадна замын хөдөлгөөний, хот төлөвлөлтийн буруу зохион байгуулалт нийслэлд түгжрэл үүсгээд байна.
Тухайлбал хороо, хороолол бүрт сургууль цэцэрлэг нь хангалттай бус. Хот даяараа хашаа улс болсон нь орц гарцыг хааж өнөөгийн энэ нөхцөл байдлыг бий болгоход хүрээд байна. Энэ асуудлаар зарим иргэд ч байр сууриа хэллээ.
Түгжрэлийг бууруулах ганцхан гацаа бий. Тэр нь санхүү. Санхүү нь шийдэгдээд тендер зарлахаар тэндээ будлиантдаг байдал хотын сая гаруй хүн амыг зам дээрээ хоноход хүргээд байна.
Хэдийгээр нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдаж хот өөрөө хөрөнгөө зарцуулах боломжтой болсон ч өнгөрсөн хугацаанд үүссэн ужгирсан асуудлууд хөгжилд тээг болж байна гэдгийг хотын удирдлагууд учирлаж байна.
Өнөөдөр түгжрэлийг хэрхэн бууруулах, ямар гарц гаргалгаа байж болох талаар Өдөр тутмын сонинуудын холбооноос санаачлан хэлэлцүүлэг зохион байгууллаа.