Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал 2023 он гэхэд доголдолд хүргэнэ

Засгийн газар

Манай улс эрчим хүчний эх үүсвэрээ яаралтай нэмэгдүүлэх шаардлага тулгарсныг салбарын сайд хэлж байна. Хэрвээ яг энэ янзаараа үргэлжилбэл 2024 он гэхэд цахилгаан доголдох нөхцөл байдал үүсэхийг онцоллоо. Үүнээс гарах арга зам бол цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ станц барих, усан цахилгаан станын бүтээн байгуулалтаа хурдасгах гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Манай улс эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг импортоор авдаг. Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэл нийт хэрэглээний 80 хувийг бүрдүүлдэг ч жил бүр өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг 100 хувь хангахад хүндрэлтэй болсон гэдгээ хэлэх болсон. Үүнийг шийдэх цор ганц шийдэл бол эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх гэдэгтэй салбарын төлөөллүүд дуу нэгтэй санал нэгдэж байна. 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР, ҮНЭ ТАРИФЫГ НЭМСНЭЭР АЛДАГДЛААС ГАРАХ БОЛОМЖТОЙ 

Эрчим хүчний эх үүсвэрийн насжилт 35-60 жил, дамжуулах түгээх сүлжээний насжилт 32-62 жил болсон манай улсад эрчим хүчний доголдол хэзээ мөдгүй бий болохыг салбарын мэргэжилтнүүд учирлаж байна.

Нэн тэргүүнд салбар ашиг харахгүй ч алдагдалгүй ажиллах шаардлага бийг хэлж байна. Эрчим хүчний салбар алдагдалгүй ажиллахын тулд үнэ тарифыг 28 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэйг онцоллоо. 

2024 он хүртэл манай улс эрчим хүчний 16 эх үүсвэр барьж байгуулахаар төлөвлөөд байгаа. Эдгээр бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр олон жил яригдсан Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Амгалан дулааны станцын ажлууд ч хөндөгдөж байлаа. Энэ мэт эх үүсвэр ашиглалтад орвол эрчим хүчний салбар өсөн нэмэгдэж байгаа хэрэглээний тодорхой хувийг нөхөх боломж бүрдэх юм.