Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр "Боомтын сэргэлт" сэдвээр үргэлжиллээ. Манай улс 40 гаруй боомттой ч эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаатай нь цөөн. Боомтын үйл ажиллагааг сэргээхийн тулд зах зээлийн судалгаа хийж төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого баримталж байгааг албаныхан хэлж байна.
Улсын хэмжээнд экспорт импортын цөөн хэдэн боомт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Цөөхөн боомтод төвлөрөх хүний болон ачаа барааны ачаалал улс орны эдийн засгийн хөгжилд чөдөр тушаа болж байгааг албаныхан хэлж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас үндсэн зургаан салбарт хэрэгжих Шинэ сэргэлтийн бодлогод Боомтын хөгжлийн асуудлыг тусгасан. Боомтыг хөгжүүлэхэд төр дангаараа бус гаднын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн хамтарсан үйл ажиллагаа чухал гэдгийг онцолж байна.
Цаашид боомт бүхий газар нутгийн зах зээлийг судалж, төрөлжүүлж хөгжүүлнэ
Боомтын үйл ажиллагааг сэргээхийн тулд зах зээлийн судалгаа явуулж байгааг Сангийн дэд сайд онцолж байна. Ингэснээр тухайн боомтыг аль чиглэлээр хөгжүүлэх боломжтойг нь тодорхойлно. Энэ жишгээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй боомтуудыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар 30 гаруй боомт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийг нэгэн зэрэг үйл ажиллагааг нь сэргээхэд хэдэн их наядаар тоологдох хөрөнгө шаардлагатай. Тиймээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтрах, хөрөнгө оруулалт татах хэрэгтэйг хэлэлцүүлгийн үеэр салбарынхан хөндлөө.
Улсын хэмжээнд 37 боомт үйл ажиллагаа явуулж байгаагаас дөрөв нь агаарын боомт байна.