Коронавируст халдварт цар тахлын үед хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах, экспорт, импортыг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Боомтын зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, Гашуунсухайт зэрэг хилийн боомтын тээвэрлэлтийн нөхцөл байдлыг шалгалаа.
Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэхээ БНХАУ-ын талаас илэрхийлсэн бөгөөд тус улсад халдварын тархалт хумигдвал үүнээс ч нэмэгдүүлэх боломжтой гэжээ.
Гашуунсухайт хилийн боомтын тухайд ийнхүү нүүрс тээвэрлэлт тогтворжиж байгаа ч хүн хүч, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буйг Боомтын зөвлөлөөс уламжилсан байна.
Цаашид Боомтын ажлын хэсгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь долоо хоног бүр хуралдуулж, бүтээн байгуулалтын улиралд экспорт, импортыг тасалдуулахгүй байхад анхаарах, мөн Шивээхүрэн, Ханги, Боршоо, Булган зэрэг бусад боомтуудыг нээж ажиллуулах төлөвлөгөөг тодорхой хугацаатайгаар гаргаж танилцуулахыг Шадар сайд үүрэг болгожээ.
Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Гашуунсухайт хилийн боомтоор БНХАУ руу чингэлэг тээврийн терминалиар нүүрс тээвэрлэх үйл явц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-наас зогсоод байсан.
Харин Шадар сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан шинэ тушаалаар зохицуулалт хийж, ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгон, дотоодын халдварыг эрс бууруулснаар хоёрдугаар сарын 22-ноос өдөрт 20 чингэлэг тээвэр хилээр нэвтэрч эхэлжээ.
Монголын талаас шалтгаалах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ сарын 12-ноос өдөрт 30 чингэлэг тээвэр, мөн үндсэн тээврээр өдөрт 200 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч эхэлсэн байна.
Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба