Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өнөөдөр иргэнд МЭДЭГДЭЛ ХҮРГЭХ СИСТЕМ-ийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө.
Цахим харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан: Иргэдийн мэдээллийг төр ямар нэгэн зөвшөөрөлгүй ашигладаг, хүний эрх зөрчдөг байдал гарах болсон. Өөрийнх нь мэдээллийг хэн ашиглаад байгааг иргэн мэддэггүй. Ингэснээр хүний эрх зөрчигдөж, цахим гэмт хэрэг гарах үндэс болдог.
Тэгвэл өнөөдөр мэдээлж буй уг систем нь төр өөрт байгаа иргэний мэдээллийг ашигласан тохиолдолд тухайн иргэнд мэдээлж, зөвшөөрөл авдаг тогтолцоо юм.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ: Зөвхөн 2021 оны статистикаас харахад төрийн байгууллагууд иргэдийн мэдээллийг 511 сая гаруй удаа солилцсон байна. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь мэдээллийг хэн, яах гэж ийм олон удаа дамжуулж байгааг тухайн иргэн мэддэггүй байсан.
Мэдэгдэл хүргэх системийг хэд хэдэн форматаар явуулахаар төлөвлөж байна.
Нэгдүгээрт, E-Mongolia-гаар notification хүргүүлэх. Өнөөдрийн байдлаар E-Mongolia аппликейшнийг нэг сая удаа татсан байна. Тэгвэл уг аппликейшнийг татсан нэг сая хүн өөрийнх нь ямар мэдээллийг хэн ашигласныг харах боломжтой юм.
Хоёрдугаарт, үндэсний и-мэйлийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цахим орчин гардаг хамгийн том асуудал бол залилан. Хүний бичиг баримт, и-мэйлийг ашиглаж цахим орчинд залилан хийх гэмт хэрэг гардаг тул иргэнд зөвхөн өөрт нь зориулсан и-мэйл хаягаар харилцах шаардлага үүсэж байгаа. Энэхүү и-мэйл хаягаар мэдэгдэл хүргүүлнэ.
Өнөөдрийн хувьд E-Mongolia аппликейшнээ шинэчилснээр мэдэгдэл хүргэх системийг ашиглах боломжтой болно. E-Mongolia системд МЭДЭГДЭЛ гэдэг цэс нэмэгдсэн байгаа.
Тэндээс таны мэдээллийг хэн харсныг цаг хугацаатай нь харах боломжтой.