Хэрвээ дулааны болон цахилгаан станцын хүчин чадлаа яаралтай нэмэхгүй бол ирэх өвөл тог тасарна гэж Эрчим хүчний сайд мэдэгдсээр байгаа. Гэтэл өргөтгөл шинэтгэл хийхэд мөн л мөнгө хэрэгтэй. Санхүүжилт босгох сувгууд улам бүр хумигдсаар байгааг төрийн хүмүүс мэдээллээ.
Монголы хаа сайгүй байдаг нүүрсний орд газруудыг түшиглэн цахилгаан дулааны станцууд хаа сайгүй байгуулж, өөрийн байтугай манайтай хил залгаа Хятадын эрчим хүчний хомсдлыг шийдэж, нүүрс ухаж биш, тог цахилгаан үйлдвэрлэж валют олоод сууж байх боломж хангалттай байлаа. Байлаа гэж байгаагийн учир нь Багануур, Эгийн гол, Бөөрөлжүүт, Тавантолгой, Хөвсгөлийн Цэцэрлэгт байгуулахаар хөрөнгө оруулагчид нь мөнгөө бариад, станц байгуулъя гээд ирэхэд нөгөө л Хятад, Хятадын аюул, Хятад хуаран, Хятадын бэлтгэн нийлүүлэгч болох нь гэхчлэн суртал ухуулгуудын дор бүдэрч унасаар өнөөдөрт хүрсэн. Одоо ч энэ тэнэглэл явсаар байгаа.
Гэтэл манай улсын эрчим хүч, дулааны станцууд хүчин чадлаа дийлэхээ байв. Аюул бодитой болчихсон, ирэх өвөл гал алдаж, тогны хязгаарлалтад орно гэсэн мэдэгдлийг нийтээрээ сонсчихоод сууж байна. Хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасан нөхдүүд энд ямар ч ял зэмгүй, 3 сая хүний өмнө түй ч хариуцлага хүлээхгүй байж байгаа. Мэдээж хомсдлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байгаа. Гэтэл гадаад орчны тааламжгүй байдал мухардалд оруулчихваа. Дэлхий ногоон эрчим хүч рүү шилжиж, нүүрсний станцуудад олон улсын банк санхүүгийн байгууллагууд санхүүжилт хийхгүйгээ зарлаад эхэлсэн.
Олон улсын хөрөнгийн зах зээл дээр ч агаар мандал бохирдуулагч хорт утаа үйлдвэрлэгчдэд орон зай байхгүй болсоор байна. Өмнө нь энэ асуудлыг улс төрчид сөхдөггүй байлаа. Зэрэгцэж сууж байгаад энэ асуудлыг хүлээн зөвшөөрч байна.
Зөвлөлтийн үеийн станцуудтай учраас дулааны станцуудын өргөтгөл, шинэчлэлийг Оросуудтай хамтрахаас өөр гарцгүй байгаа юм. Гэтэл Оростой хамтарсан бүхэн дэлхийн нийтийн өмнө блоклуулах аюул байгаа юм. Дулаан цахилгааны станцын өргөтгөлийн асуудалд өөр хувилбар хайх шаардлага тулгарч байгааг албаныхан хэлж байна.
Европын холбооны орны элчин сайд нар Оросоос хараат бусаар, эрчим хүчний хомсдлоо бие даан шийдвэрлэхэд туслах боломжтой гэж зэрэгцэн сууж байгаад мэдэгдсэн. Хувийн хэвшлийнхэнд эрчим хүч, дулааны станц барихад төр баталгаа гаргах бодлогын дэмжлэг байж болох юм.