Украин руу зорчих гэж байгаа иргэд нөхцөл байдлыг харгалзан үзэхийг ГХЯ-наас зөвлөлөө 

Нийгэм

Украинд суралцдаг 35 оюутан түр хугацаагаар эх орондоо ирэхээр шийджээ.

Орос-Украины хямрал хоорондын зөрчил цаашид ямар байдлаар үргэлжлэх нь олон улсын анхаарлын төвд ороод байгаа.

Өнөөдрийн байдлаар Украин Улсад манай улсын 22 иргэн байнга оршин суудаг бол 68 оюутан тус улсын их дээд сургуулиудад суралцаж мэргэжил дээшлүүлж байна. Суралцаж байгаа оюутнуудаас өнөөдрийн байдлаар 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж эхнээсээ эх орондоо ирж байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Дэлхийн зарим улсууд одоогоос 10 хоногийн өмнө Украины бүс нутагт амьдарч байгаа иргэддээ зөвлөгөө, зөвлөмж хүргүүлж эхэлсэн.

Гадаад харилцааны яамнаас ч Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ, Украин дахь консулаар дамжуулан оршин суугаа монгол иргэд, оюутнуудад зөвлөгөө өгч байна. Украинд оршин суугаа Монгол иргэд ЭСЯ-ндаа бүртгүүлээгүй бол нэн даруй цахим шуудан болон ЭСЯ-ны утсаар холбогдон бүртгүүлэхийг санууллаа. 

Ойрын хугацаанд Монголоос Украин руу зорчихоор төлөвлөж байгаа иргэдийг нөхцөл байдлыг сайтар харгалзан үзэхийг Гадаад харилцааны яамнаас зөвлөж байна. Иргэдийг олон улсын мэдээлэлд сайтар анхаарч нөхцөл байдлыг ажиглах хэрэгтэйг ийнхүү хэллээ.