Украинд 68 монгол оюутан сурч байснаас 41 нь ирээд байна.
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Путин Украинд цэргийн ажиллагаа явуулахаа өнөөдөр өглөө мэдэгдсэн. Хэрвээ Орос Улс Украин руу халдан довтолбол Украины арми бүх зүйлд бэлэн байгаа гэдгийг энэ улсын Ерөнхийлөгч Зеленский өөрийн твиттер хуудсаараа дамжуулан зарлаад байна. Нөхцөл байдал хурцдаж байгаа учраас Украин Улсад байгаа иргэдээ татах, зардал мөнгөний асуудлыг шийдэхээр засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа.
Дайны нөхцөл байдалд байгаа Украин Улсаас иргэдээ татаж авах асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Украинд манай улсын 68 оюутан сурч 22 иргэн ажиллаж амьдарч байсан. Гадаад харилцааны яамнаас Украинд сурч байсан 68 оюутантай нэг бүрчлэн холбоо барьж эх орондоо ирэх зөвлөмж хүргүүлсэн хэмээн салбарын сайд мэдэгдлээ. Харин байнга оршин суудаг монгол иргэд эх орондоо ирэх хүсэлт илгээгээгүй гэсэн юм. Улмаар 68 оюутнаас сарын хугацаанд 41 нь эх орондоо ирсэн гэж байна. Харин үлдсэн оюутнууд шийдвэр гаргаж чадахгүй байснаас болж эх орондоо ирж чадсангүй гэсэн юм.
Одоогоор Украинд 27 оюутан дөрвөн хотод байна. Эхний ээлжинд энэ сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалсан нислэгээр ирэх оюутнуудын зардал, мөнгөний асуудлыг засгийн газарт танилцуулжээ. Гэвч Украины нисэх буудал дайралтад өртөж нислэгээр ирэх боломж бараг л байхгүй болсон гэж оюутнууд мэдээлж байгаа юм. Тиймээс салбар яам нисэж болохгүй тохиолдолд иргэдийг Польш Улсаар дамжуулан авах арга хэмжээ авахаар төлөвлөжээ.