Украинд оюутнууд мөнгөгүй, АТМ дэлгүүр ажиллахгүй болсон тул хүнд нөхцөлд байна

Нийгэм

Украин Улсад 30 гаруй оюутан амьдарч байна. Манай сэтгүүлч тэдний төлөөлөлтэй холбогдож нөхцөл байдлын талаарх мэдээлэл авлаа. Тэд эх орондоо буцах хүсэлтэй байгаа ч хэрхэн явах нь тодорхойгүй байгааг хэллээ. Монголын консултай ойр ойрхон холбогдож байгаа ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Одоо 30 гаруй оюутан нэг дор цуглан газар доогуурх метроны буудалд хорогджээ.  

Украин Улсын Харьков хотод байгаа монгол оюутнууд маш хүнд нөхцөлд байгаагаа бидэнд ярилаа. Өнөө өглөө үүрийн 05:00 цагаас буудалцаан, бөмбөгдөлт эхэлсэн нь хилээс ердөө 2-3 км-ийн зайтай хотод амьдарч байгаа оюутнуудад маш тод мэдрэгдсэн гэж байна. Сар орчмын өмнөөс оюутнууд нутаг буцах хүсэлтээ сургуульдаа болоод консулын газарт удаа дараа гаргажээ. Гэвч сургуулийн зүгээс зөвшөөрөл өгөөгүй байхад явсан тохиолдолд шууд хасалт хийнэ гэсэн байна. Улмаар Монголын консулын газрын дарга, гадаад харилцааны ажилтанд сургуульд нь албан хүсэлт хүргэх, эсвэл татан авах хүсэлтүүд тавьсан ч дайн болохгүй, сураг таамаг төдий зүйл ярих хэрэггүй зэргээр асуудалд ханджээ.

Монгол Улс иргэдээ татаж авах тухай ямар  ч бичиг хүргээгүй мэдэгдэл өгөөгүй тул сургуулиуд хичээлдээ суухыг оюутнуудаас шаардаж байжээ. ОХУ-аас Украины хэд хэдэн хот руу дайралт хийснээр эмх замбараагүй нөхцөл байдал бий болж дэлгүүрүүд ажиллахгүй, ажиллаж байгаа цөөн тооны дэлгүүр ус болоод хүнсний хомсдолд орж эхэлжээ. Мөнгө муутай оюутнуудад олдох автомашин ховор, таксины үнэ нь огцом нэмэгдсэн, метроны буудлаас гарч чадахгүй нөхцөлд байхад Монголын талаас өөр хот руу ир, нэг дор бөөгнөр гэх зүйлийг хэлж байгаа нь хамгийн хүнд байгааг хэллээ.

Өнөөдрийн засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Гадаад харилцааны сайд болоод Гадаад харилцааны яамны консулын газрын захирал нар мэдээлэл өгсөн. Тэдний тухайд оюутнуудтай холбоотой байгаа сургууль чөлөө өгвөл нутаг буцмаар байна гэсэн оюутнуудын сургуулиуд руу өнөөдрөөс эхлэн оюутныг маань чөлөөлж өгөөч гэх албан бичиг хүргэж эхэлсэн гэсэн юм. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг зүйл болж Гадаад харилцааны яам Украин дахь өргөмжит консул нар муу ажиллаа хэмээн цахим сүлжээнд иргэд бичиж байна.

Үүнээс гадна оюутнуудыг Украин руу сурахад зуучилдаг иргэн Б түр тэсчих Монголоос онгоцоор авна гэж хэлсэн байгаа юм. Онгоцны буудал нь сүйрчихээд байхад ямар байдлаар авах нь улам бүр эргэлзээтэй болсоор байна. Оюутнуудын нөхцөл байдал улам хүндэрч байгаа тул Монголын талаас автобус эсвэл машин шийдвэрлэж хурдан нүүлгэн шилжүүлж өгөхийг хүсч байгаагаа оюутнууд хэлсэн юм.