1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлээс ердөө 50 орчим тэрбум төгрөг эргэн төлөгдөөд байна.
Хөгжлийн банкнаас зээл авсан “Монгол Драйв Милк” компанийн хэрэг шүүхэд шилжээд 886 хоножээ.
Ж.Эрхэмбаатар: Хөгжлийн банктай ашиг сонирхлын зөрчилтэй улс төрчдийг шаардлагатай бол зарлана.
Хөгжлийн банкнаас гаргасан нийт зээлийн 60 орчим хувь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүйдэж банк дампуурах эрсдэлд хүрснээ өнгөрсөн сарын 20-ны өдөр зарласан. Үүнээс хойш хууль хүчний байгууллага , засгийн газрын түвшинд асуудал яригдаж байгаа ч сарын хугацаанд ердөө 50 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Харин цаана нь Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг шалгагдаж 750 орчим тэрбум төгрөгийн авлага яригдаж байна.
Хөгжлийн банкны удирдлагууд шүүх дээр гацаж шийдэгдэлгүй удаа дараа хойшилж байгаа хэд хэдэн зээлдэгчийг танилцууллаа. Монгол драйв милк компанитай холбоотой хэрэг хамгийн удаан буюу анхан шатны шүүх дээр 886 хоножээ.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт энэ байдлаар явбал ирэх онд төлөх 800 сая долларын бондын өрөөс эхлээд эдийн засгийн байдал нь хасах 240 тэрбумд хүртлээ унасан санхүүгийн чадавхи нь эргэн сэргэхэд хүндрэлтэй. Мөн шүүхэд хэрэг нь хэдэн арван удаа хойшилж байгаа зээлүүд ханшийн эрсдэл үүсгэж банк улам хохирч байгааг удирдлагууд нь хэлж байна. Үүнээс гадна Хөгжлийн банк дэлхийд байхгүй жишгээр зээл олгосон асуудал нь хамгийн том хүндрэл дагуулжээ. Нийт олгосон зээлийн бичиг баримтын 66 хувь нь барьцаа хөрөнгийн асуудалтай байгаа юм байна.
Газар доорх шугам сүлжээ, ирээдүйд олох орлого, мөнгөгүй данс зэргийг барьцаалж зээл олгосон нь хамгийн их хүндрэл дагуулжээ.
Улсын хөгжилд чухал нөлөө үзүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй Хөгжлийн банкны зээл улс төрчид болоод эрх мэдэлтнүүд, нөлөө бүхий бизнес эрхлэгчдийг санхүүжүүлээд зогсоогүйг банкны өнөөгийн удирдлагууд онцоллоо. Банк анх байгуулагдаад гаргаж байсан анхны зээлүүдэд тооцогдох Хөтлийн цемент шохойн үйлдвэрээс эхлээд л улс төрийн нөлөө орсон, зээл олгох гарын үсэг зурдаг шат шатны дарга, захирлууд нь ч улстөрийн томилгоотой байсныг хэлж байна.
Хөгжлийн банкны эрсдэлийг хариуцах хэлтсийн захирал нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй, эрх мэдлээ ашиглан хууль бусаар зээл гаргасан хэргээр яллагдагчаар татагдсан нөхцөл байдалтай асуудал үргэлжилж байгааг удирдлагууд нь хэллээ. Тиймээс улс төрийн томилгоотой, нөлөөнд байдаг хүмүүсээ үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр ажиллаж байгаа юм байна. Мөн нөлөө бүхий улс төрчид Хөгжлийн банктай ашиг сонирхлын зөрчлөөр харьцсаар байвал нэрсийг зарлахад бэлэн гэж мэдэгдсэн юм.