Киев, Харьковын гарцууд хаагдаж төлөвлөсөн нислэг цуцлагдсан тул иргэдээ татан авч чадахгүй боллоо.
Гадаад харилцааны яамнаас ОХУ руу Украинд байгаа иргэдээ татан авах асуудлаар ханджээ.
Гадаад харилцааны яам Украины дөрвөн хотод 27 оюутан байгаа хэмээн өчигдөр мэдээлж байсан бол өнөөдөр Харьков хотод 18, Киевд 12, Кировоград хотод 2 гээд нийт 32 оюутан байна гэж мэдээллээ. Өгч байгаа мэдээлэл нь энэ мэтээр зөрөхөөс эхлээд өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа оюутнуудыг энх цагт нутагтаа ирэх санал тавьсан ч өөрсдөө ирээгүй гэх утга бүхий тайлбарыг Гадаад харилцааны сайд, Консулын газрын орлогч нар өгсөнд Украинд байгаа оюутнууд төдийгүй эцэг эхчүүд бухимдалтай хандаж байна.
Украинд байгаа оюутнуудын нөхцөл байдал тун хүнд байгааг гэр бүлийнх нь хүмүүс хэлж байна. Метроны буудалд хорогдож байгаа оюутнууд гарах боломжгүй бага хэмжээний хүнс нөөцөлсөн ч хүнс нь дуусч АТМ-ээс бэлэн мөнгө ч авч чадахгүй нөхцөлтэй байгааг онцоллоо.
Засгийн газар маргааш буюу 26,27-ны өдөр Украинд байгаа иргэдээ Киев болон Истанбул хотоос онгоцоор татан авна гэж нислэгийн билет захиалсан ч захиалгат нислэгүүд өнөөдөр цуцлагдаж татан авах ажил хойшиллоо. Агаараар татан авах боломж үүгээр дууссан тул газраар татан авах ажлыг судалж байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм.
Өнөөдөр 16 цагийн байдлаар Харьков хотод нөхцөл байдал харьцангуй намжсан ч Киев хотын орох гарах замуудыг хаасан тул татан авах ажиллагааг нөхцөл байдал намжтал хойшлуулж байгаагаа албаны хүмүүс ийнхүү хэллээ. Украинд байгаа иргэдийг татан авах, хоол хүнсний асуудал хамгийн хүндрэлтэй байгаа тул засгийн газар 500 сая төгрөг гарган тус улсад суугаа иргэддээ дэмжлэг үзүүлхээр болжээ.
Украинд байгаа иргэдээ яаралтай татан авах үүднээс Польш, Унгар зэрэг улсууд руу хандаж байгааг хэлж байна. Хамгийн ойрын боломж нь Польш Улс тул Шенгений визийг яаралтай горимоор олгох боломжийг тус улсаас Монгол Улсад суугаа элчин сайдтай зөвшилцсөн байна.
ШУУД ҮЗЭХ