БНХАУ-тай хиллэдэг гурван боомт хэвийн ажиллаж байна

Нийгэм

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан манай улс урд хилээ түр хугацаанд хаагаад байсан. Өнгөрсөн нэгдүгээр сараас тусгай горимоор ажиллаж эхэлсэн Замын-Үүд автозамын хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-тай хиллэдэг гурван боомт цөөн тоогоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн автозамын боомт чингэлэг тээврийн үйл ажиллагааг эхлүүлэн хэвийн ажиллаж байна. Гашуун сухайт боомтоор өдөрт 130 орчим тээврийн хэрэгслээр нүүрс гаргаж байна. Мөн 150-160 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа юм. Харин Булган боомтоор өдөрт 150-160 тээврийн хэрэгслээр нүүрс гаргаж байна. Дөрвөн автомашинаар уул уурхайн бусад төрлийн бүтээгдэхүүн экспортолж байна. Бусад боомтууд тэвээрлэлт хийгээгүй гэдгийг албаныхан хэлж байна.

БНХАУ-тай хиллэдэг 13 боомт үйл ажиллагаа явуулдаг ч өнөөдрийн байдлаар гурван боомтын үйл ажиллагаа өдөрт цөөн тооны тээврийн хэрэгсэл нэвтрүүлэн ажиллаж байна. Одоо байгаа ачаа тээврийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сэргээхэд цар тахлын халдварын нөхцөл байдал ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм.

Урд хөршийнхний тавьж буй ганц шаардлага бол дотоодын халдварыг бууруулж, хил орчмын бүсээ ногоон болгох.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол буурч байгаа ч хил орчмын аймаг сумдад халдварын тохиолдол тасралтгүй бүртгэгдсээр байгаа нь боомтын үйл ажиллагааг хязгаарлахад хүргээд байна.