Монгол эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг 1-5 оноогоор дүгнэхэд дундаж нь 2.5 буюу муу үзүүлэлттэй гарчээ

Нийгэм

Эмэгтэйчүүдийн амьдралын түвшинг нэгээс таван оноогоор дүгнэсэн томоохон судалгаа хийгдэж дууслаа. Үр дүнг нь нэгтгэхэд Монгол эмэгтэйчүүдийн дундаж амьдрал 2.5 оноотой буюу дунджаас доогуур байгааг судалгаа харуулжээ. Таван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь санхүүгийн эрсдэлтэй өдөр бүр нүүр тулж байгааг онцолсон байна.

Олон улсад жил бүрийн 3-р сарын 8-ны өдрийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан ч манай улсад энэ өдрийг баяр болгон тэмдэглэж ирсэн. Тэгвэл жилдээ ганц удаа эмэгтэйчүүдийг баярлуулаад өнгөрөх биш тэдний амьдралд тулгамдаад байгаа асуудлуудыг гаргаж ирж олон нийтэд ойлгуулах нь чухал гэдгийг НАМЭХ хөндлөө. Холбооны зүгээс Фридрих Эбэртийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчдийн газрын дэмжлэгтэйгээр залуу судлаачдыг дэмжих төрийн бус байгууллагатай хамтран Монгол эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгааг хийсэн байна.

Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг бүхий л үзүүлэлтээр 1-5 хүртэл оноогоор дүгнэхэд Монгол эмэгтэйчүүдийнх хангалтгүй буюу дундаж үзүүлэлт ердөө 2.5 гарчээ.

Эмэгтэйчүүдийн дийлэнх нь нөхрөөсөө санхүүгийн хараат байгаа нь тэдний олон боломжийг хязгаарлаж байна 

Монгол эмэгтэйчүүдэд тулгамдах нэн тэргүүний асуудал нь санхүү мөнгөтэй холбоотой байгааг судалгаагаар гаргажээ. Дийлэнх эмэгтэйчүүд нөхрөөсөө санхүүгийн хараат амьдарч байгаа нь тэдэнд өөрийгөө хөгжүүлэх, өөртөө цаг зарцуулах, гоо сайхандаа анхаарахаас эхлээд олон хэрэгцээг нь хязгаарлаж байгааг онцоллоо.

Гэр бүлийн орчинд ч тэр, төрийн тодотголтой ажил үүргийн хүрээнд ч тэр 4 эмэгтэй тутмын нэг санхүүгийн эрсдэлд байдаг бол 5 эмэгтэй тутмын нэг гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байна. 

НАМЭХ-ноос судалгааг цааш нь засгийн газар, уих, төрийн томоохон байгууллагуудад хүргүүлж цаашид эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох оролцоо, тэгш байдал, амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхааран ажиллахаа мэдэгдлээ. Жилд ганц өдөр баярлаад өнгөрөх гэхээс илүүтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд нийгмийн амьдралын тэгш боломжийг олгоход анхаарах цаг болсон гэдгийг хэлсэн юм.