Өчигдөр Төв аймгийн Зуунмод хот электрон тамхины худалдааг хориглох шийдвэр гаргасан бол өнөөдөр Баянзүрх дүүрэг 21 нас хүрээгүй хүнд электрон тамхи худалдахыг хориглолоо. Залуусын дунд хэрэглээ гэхээс илүүтэй гангараа болж хор уршгийг нь мэдэхгүй туйлшрах хандлага их болсон. Мөн тамхины хэрэглээг багасгаж, тамхинаас гаргах ач тустай гэх ташаа мэдээлэл олон нийтийн дунд тархаад байна. Электрон тамхи нь энгийн тамхитай ижил хор уршигтайг мэргэжлийн хүмүүс зөвлөж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд залуусын дунд электрон тамхи татах моод дэлгэрсэн гэхэд хилсдэхгүй. Төрийн ордондоо ч энэ тамхийг баагуулан суусан реппер олноос шүүмжлэл хүртээд амжсан. Электрон тамхийг худалдан борлуулахын тулд элдэв төрлийн амт үнэртэй, энгийн тамхинаас гаргах зориулагдсан зэрэг тодорхойлолт нь энэ тамхины хэрэглээг эрс нэмэгдэхэд хүргээд байгаа юм.
Манай улс тамхины эсрэг хуультай ч электрон тамхи энэ хуулинд багтдаггүй. Зарим сургуулийн удирдлага, багш нараас сурагчид ангидаа электрон тамхи татаж байна гэх гомдол дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэст ирж, худалдан борлуулахыг хориглох шийдвэр гаргах саналыг тавьж эхэлжээ.
БЗД-ийн засаг дарга дүүргийн нутагт дэвсгэрт 21 нас хүрээгүй хүнд энэ төрлийн тамхи худалдахыг хориглосон байна
Элекстрон тамхи нь энгийн тамхины нэгэн адил хор хөнөөлтэй болохыг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид мэдэгдээд байгаа.
Тухайлбал өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлөх никотин болон хүнд металлууд, хорт хавдар үүсгэх бензол зэрэг 20-иод төрлийн хорт бодисыг агуулдаг байна.
Электрон тамхины хэрэглээг хяналттай байлгахын тулд хууль эрхзүйн орчинг бий болгох ёстой. Тамхины тухай хуулиндаа яаралтай өөрчлөлт оруулж, хүүхэд залуусыг хэдхэн жилийн дараа үхэлд хүргэж болох хорт аюулаас салгах шаардлага тулгарчээ.