ХӨСҮТ-д цахилгаан менингит өвчний эсрэг вакциныг 22,000 төгрөгөөр хийж байна

Нийгэм

Хүн амын дунд цахилгаан менингит гэх халдварт өвчин эрчимтэй тархаж голдуу бага насны хүүхдүүд өвчилж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч биеийн байдал нь богино хугацаанд хүндэрснээр нас барах эрсдэлийг дагуулах аюултай юм. Тиймээс ХӨСҮТ-д сайн дурын дархлаажуулалтын кабинет ажиллуулж эхэллээ. Хоёроос дээш насныханд цахилгаан менингит өвчний эсрэг 4 цэгт вакциныг 22 мянган төгрөгийн үнэтэйгээр хийж эхэлсэн байна.

Цахилгаан менингит халдварт өвчнөөр голчлон хүүхдүүд өвчилж шинэ тэмдэг нь илрэхгүй явснаар богино хугацаанд хүндэрч эмнэлэгт хүргэгдэж байгааг салбар яамнаас мэдээлсэн. Уг өвчний халдвар авсан хүүхдүүд гэнэт өндөр халуурах, ядарч сульдах, их хэмжээгээр бөөлждөг байна. Мөн толгой, үе мөч өвдөх, хоолонд дургүй болох, хурц гэрэл, дуу чимээ зэрэгт хэт мэдрэг хандах шинж тэмдэг илэрдэг гэдгийг онцоллоо. Дээр дурдсан шинж тэмдгүүд илэрснээс хойш 1-2 цагийн дотор биеэр нь цусархаг тууралт гарч хүндрэл явагддаг байна.

Менингит нь агаар дуслын замаар халдахаас гадна бохир гар хүнсний зүйлсээр дамжин халдварладаг тул эцэг эх асран хамгаалагчид хүүхдийнхээ дархлааг дэмжих хоолойг нь тогтмол зайлах, дулаан хувцаслах зэрэгт анхаарах шаардлагатай зөвлөж байна.

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад 2-оос дээш насныханд вакцин хйиж эхэлжээ. Иймд иргэд менингит өвчний эсрэг вакциныг 22 мянган төгрөгөөр сайн дурын үндсэн дээр хийлгэх боломжтой болж байна.

Вакциныг хүн бүр заавал хийлгэх шаардлагагүй. Тархвар судлалын дагуу хавьтал болсон хүмүүст вакцин хийнэ гэдгийг албаны хүн санууллаа. Цахилгаан менингитийн эсрэг вакциныг хийлгэснээс хойш 3-5 жилийн дархлаа тогтдог байна.