Их Британид болсон Их Долоогийн бүлгийн улс орнуудын дээд уулзалтын үеэр аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнууд дэлхийн ядуу буурай орнуудад нэг тэрбум тун вакцин хандивлахаар шийдсэн. Түүнчлэн ЕХ цар тахалтай тэмцэхэд зориулж тэрбум евро хуваарилахаа мэдэгдсэн юм. Тэгвэл ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус дэлхийн улс орнуудад хандан амлалтаас үйл хөдлөлд шилжихийг уриалжээ.
ДЭМБ, улс орнуудад хандаж цар тахлын эсрэг вакцин нэн даруй шаардлагатай улс орнуудад зориулж вакцинаа яаралтай нийлүүлж эхлэхийг хүсчээ. ДЭМБ-ын тэргүүн энэ талаар Их Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдсэн байна. Тедрос Аданом Гебрейесус энэ талаар: -Би ДЭМБ-ын тэргүүний хувьд баян чинээлэг улс орнууд ядуу буурай орнуудад тусламж дэмжлэг үзүүлэх санаачлага гарган, вакцин амлаж байгааг таатай хүлээж авч байгаа ч өнөөдөр амлалт, ярианаасаа үйл хөдлөл, арга алхамд шилжих хэрэгтэй байна. Юуны түрүүнд COVAX хөтөлбөрт зориулан нийлүүлэх вакцинаа эхнээс нь өгч эхлэхийг хүсч, вакцины үйлдвэрлэлээ ч мөн тасалдуулахгүй явуулж, нийлүүлэлтээ эрчимжүүлэхэд уриалсан байна.
ДЭМБ-ын тэргүүний мэдээлснээр өдөрт дэлхий дээр ковидын улмаас 10 мянга гаруй хүн амиа алдаж байна, вакцин ирэх онд биш одоо хэрэгтэй байна гэжээ. Тэгвэл Их Долоогийн орнууд дэлхийн ядуу буурай орнуудад ирэх оны сүүлч гэхэд нэг тэрбум тун вакцин хандивлахаар амласан юм. ДЭМБ-ын мэдээгээр цар тахлыг зогсоохын тулд дэлхийн нийт хүн амын дор хаяж 70%-ийг дархлаажуулах шаардлагатай. Үүний тулд дор хаяж 11 тэрбум тун вакцин шаардлагатай гэж үзэж байна.