COVID-19 цар тахлын халдварын нас баралт сүүлийн долоо хоногт 21%-иар нэмэгдлээ

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн улс орнуудад сүүлийн 7 хоногт цар тахлын халдвараар нас барсан тохиолдол 21%-иар нэмэгджээ.Ингэхдээ нас баралт Зүүн Өмнөд Ази болоод Америк тивд нэмэгдсэн байна. COVID-19 коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар дэлхий даяар 195 сая хүн халдварлаж, 4 сая 100 мянган хүн нас бараад байна. 

ДЭМБ-ын мэдээлж байгаагаар коронавируст цар тахлын халдварын улмаас нас баралт хамгийн өндөр байгаа бүс нутагт Зүүн Өмнөд Азийн улс орнууд, тэр дундаа Тайланд, Малайз, Филиппин зэрэг орнууд, мөн Америк тивийн АНУ, Мексик, Перу зэрэг улс орнууд багтаж байна. Зүүн Өмнөд Азийн бүс нутагт өнөөдөр цар тахлын нөхцөл байдал бусад тивээс хамгийн өндөр хувьтай, дэгдэлттэй байна. Тайландад цар тахлын 3 дахь давалгаа дэгдэж, энэ улсад өнөөдөр өдөрт 100-аад нас баралт бүртгэгдэн, нийтдээ 5 мянга гаруй хүн амиа алдаад байна. Малайзад мөн цар тахлын халдварын тохиолдол эрс нэмэгдэн, сүүлийн нэг хоногт 17 мянган хүн халдварлаж, 207 хүн нас баржээ. Латин Америкийн улс орнуудаас Мексик болон Венесуэл улсуудад цар тахлын нас баралт өндөр байна. ДЭМБ-ын мэдээгээр Мексикт сүүлийн 7 хоногт нас баралт 50%-иар нэмэгдэж, АНУ-д 9%, Сальвадорт 35%, Венесуэлд 30%-иар өссөн байна.