Цар тахлын мутацид орсон шинэ хувилбар дэгдэж, улс орнууд хилээ хаан, локдауны хатуу дэглэм эргэн ирэхтэй зэрэгцээд цар тахлын 4 дэх давалгаа үргэлжилж байгаа Европын орнуудад хөл хорио, хязгаарлалтын дэглэмээ чангатгаж байна. Европын ихэнх улс оронд ирэх зул сар, шинэ жилийн баярын өмнө цар тахалтай холбоотой хөл хорио, карантины дэглэмээ чангатгаад байгаа юм.
Бельгид ковидын халдварын тохиолдол эрс нэмэгджээ. Бельгид ӨАБНУ-аас эргэн ирсэн нэг иргэнээс коронавирусний шинэ штамм илэрсний дараагаар энэ улсад хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгажээ. Бельгийн ерөнхий сайд Александр Де Кроо цар тахлын дэгдэлт, халдварын тохиолдол нэмэгдэж байгаагаас хөл хорио, локдауны дэглэмээ чангатгахаас аргагүй нөхцөл байдал үүссэнийг тэмдэглэжээ.
Нидерландад мөн коронавирусний халдвартай тэмцэх журмаа чангатгаж, дэлгүүр, театрт, музей, ресторан, спорт заалаа ням гарагаас эхлэн 17 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрч, бусад цагт хөл хорионы дэглэм мөрдөхөөр тогтжээ.
Испани, Португалид Европын бусад улс оронтой харьцуулахад цар тахлын халдварын дэгдэлт доогуур үзүүлэлттэй байгаа ч өмнө нь мөрдөж байсан хязгаарлалтын дэглэмээ дахин мөрдөж эхэлжээ. Каталонид ковидын паспортын журам нэвтрүүлсэн байна. Хүн амынх нь 86% нь вакцинд хамрагдсан Португали улсад л гэхэд мөн л хоёр сарын өмнө мөрдөгдөж байсан хөл хорионы журмыг дахин нэвтрүүллээ. Ирэх сараас эхлэн Португалийн иргэд битүү орчинд заавал амны хаалт зүүж, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ ковидын үнэмлэхээ үзүүлэх шаардлагатай болжээ.
Словакт мөн хоёр долоо хоногийн хугацаагаар локдаун тогтоолоо. Энэ журам вакцинд хамрагдсан нөхцөл байдлыг үл хамааран бүх иргэдэд нийтээр нь үйлчлэх юм. Италид мөн цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг олон нийтийн газраар явах эрхийг хязгаарлаж, ковидын үнэмлэх, ПСР-ын шинжилгээний бичгээр ажилдаа явах ёстой болжээ.