ТЕХНОЛОГИ-360: Мотоцикл үйлдвэрлэгч Кавасаки нь электрон ямаа бүтээжээ

Технологи-360

Дэлхийн роботын хамгийн том үзэсгэлэн худалдаа өнгөрөгч 3-р сард болж өнгөрсөн. Энд мотоциклоороо алдартай Кавасаки үйлдвэрлэгч унаж болох дөрвөн-хөлтэй робот бүтээснээ танилцууллаа. 

2015 оноос хойш хүн дүрст робот бүтээхээр ажиллаж байгаа тус компани Kaleido хөтөлбөрийнхөө хүрээнд “Bex” нэртэй робот бүтээжээ. 

Ямаа хэлбэртэй робот эв дүйтэй, Boston Dynamic-ийн робот нохой шиг мөчөө сольж чаддаг, өөрийгөө доошлуулж, дөрвөн дугуйт тээврийн хэрэгсэл мэт хувирна, өөрөөр хэлбэл роботуудад тулгардаг тэнцвэрийн асуудлыг хялбараар шийдвэрлэсэн гэж хөтөлбөрийн ахлах инженер Масаюки Субе хэллээ.

Роботыг тээврийн хэрэгсэл болгон ашиглахдаа бариулаар нь удирдах боломжтой. Тус компани роботын хурдны багтаамжийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй, гэхдээ бичлэгээс харахад робот-ямааны хурд бага зэрэг удаандуу юм байна.

Калейдо хөтөлбөрийн цахим хуудаснаа “Bex” нь мордсон хүнийг оруулаад 100 кг хүртэл ачааг даах чадвартай гэж мэдэгдсэн. Зохион бүтээгч Субэ-гийн хэлж байгаагаар, уг робот нь  хөгжүүлэлтийн шатанд яваа ч агуулах, үйлдвэрт ачаа тээвэрлэхэд бүрэн ашиглаж болох гэнэ. Роботын их бие нь модульчлагдсан тул шаардлагатай бол ямаан хэлбэрийн гаднах бүтцийг авч болох юм байна.

Өнгөрсөн жил Америкийн компаниуд 29 мянга орчим роботын захиалга өгчээ. Ахлах инженер Субэ, роботыг үйлдвэрийн ажил, гамшгийн үед тусламж үзүүлэхээс эхлээд асрамжийн газрын асаргаа сувилгаа гээд бүх зүйлд ашиглах боломжтойгоор бүтээсэн гэж онцолсон байна.