Тус арга хэмжээг УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан өнөөдөр /2022.05.17/ нээж, үг хэллээ.
Тэрбээр “Монгол Улс хөгжлийн хоцрогдлоо арилгахын тулд цахим шилжилтийг эрчимжүүлэх, инновацын үндэсний тогтолцоог бий болгох хэрэгтэй” гэдгийг онцолсон юм. Мөн төр засгийн зүгээс өнгөрсөн хугацаанд улс төрийн болон эрх зүйн хамгаалалтуудыг маш их хийж байгааг дурдлаа. Тодруулбал, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахын зэрэгцээ, энэ чиглэлийн маш сайн хууль эрх зүйн орчныг бүрдүүлжээ.
Монголын инновацын 7 хоногийн үеэр инновацыг бий болгож буй их дээд сургууль, хүрээлэнгүүдийг бизнесийнхэнтэй холбож өгөх, патенттай хүрээлэнгүүд хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоох, цаашлаад хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм.
Мөн XXI зууны буюу Дижитал эрин үеийн түншлэлийн онцлог, эдийн засаг, зах зээл, бизнесийн үйл явцад гарч буй өөрчлөлт, шинэчлэл, ололт, уналт, шийдлийн талаар илтгэлүүдийг сонсож, хэлэлүүлэг өрнүүлэх ба үр дүн нь шинэ тутам гарч буй инновацийн бүтээгдэхүүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад Төр, бизнесийн байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, Их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг дараагийн шинэ шатанд гаргах боломж, нөхцлийг тодорхойлно.