КИМ ЖОН УН: УМАРД СОЛОНГОС УЛСАД ӨЛСГӨЛӨН НҮҮРЛЭЖ БОЛЗОШГҮЙ

Үйл явдал

БНАСАУ-д өлсгөлөн нүүрлэж болзошгүй... Энэ талаар Пхеньян хотноо ажлаа эхэлсэн эрх баригч Хөдөлмөрийн намын бага хурлын үеэр Умард Солонгосын тэргүүн Ким Жон Ун мэдэгдсэн байна. Японы NHK телевизийн мэдээлснээр Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны үзэж байгаагаар хүн амыг хоол хүнсээр хангах үйл явц хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа гэнэ.

Умардын тэргүүний мэдэгдсэнээр улс орон, ард иргэд өлсгөлөнд автаж болзошгүй нөхцөл байдал өнгөрсөн онд болсон хүчтэй далайн хар шуурга, байгалийн гамшигт үзэгдэл, мөн коронавирусний улмаас тогтоосон карантин, онцгой байдлын нөхцөл байдалтай холбоотой гэнэ. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалан хүн амыг шаардлагатай хоол хүнс, хувцас хэрэглэл, орон сууцаар хангах хөтөлбөр удааширч байгааг Ким Жон Ун үгэндээ онцолжээ.

Умардын тэргүүн өнгөрсөн 4-р сард улсынхаа ард иргэдийг “хүнд хэцүү нөхцөл байдалд бэлтгэлтэй” байхыг анхааруулж байжээ. Ким Жон Ун түүнчлэн 90-ээд оны дунд үед улс орон нь мөн л хүнд байдалтай нүүр тулгарч, бүх нийтийг хамарсан өлсгөлөн нүүрлэж байсныг эргэн дурссан байна. Тухайн үед Умард Солонгост өлсгөлөнгөөр хэдэн зуун мянган хүн амиа алдаж байсан гэж үздэг юм. Пхеньянд ажлаа эхэлсэн Хөдөлмөрийн намын бага хурлыг Намын Төв хорооноос хуралдуулж, хурлаар намын цаашдын бодлогын хэрэгжилтийг дүгнэх, цар тахлын үеийн эдийн засаг, ард түмний аж байдлыг сайжруулахад шаардлагатай арга алхмыг боловсруулан хэлэлцэх, цаг үеийн бусад тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм байна.