ЯПОН УЛС ОНЦГОЙ БАЙДЛЫН ДЭГЛЭМЭЭ 10 МУЖИЙН 9-Д НЬ СУЛРУУЛЛАА

Үйл явдал

Япон улсын засгийн газар улс орондоо цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор тавиад байгаа онцгой байдлаа сулруулахаар шийдвэрлэжээ. Гэхдээ эхний ээлжинд онцгой байдлын дэглэм мөрдөгдөж байгаа 10 мужаас 9-д нь хөл хориог сулруулахаар тогтсон байна.

Түүнчлэн засгийн газрын шийдвэрээр онцгой байдлын дэглэмийг сулруулж байгаа 9 мужийн 7-д нь ирэх 7-р сарын 11-нийг хүртэл хэсэгчилсэн хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөхөөр болжээ. Японы засгийн газар дээрх 10 мужаас Окинавад онцгой байдлын дэглэмийг 7-р сарын 11 хүртэл үргэлжлүүлэн мөрдөхөөр үлдээсэн байна. Энэ талаарх шийдвэрийг пүрэв гарагт болсон засгийн газрын хуралдаанаараа шийдвэрлэжээ.

Засгийн газрын хуралдаанд Японы ерөнхий сайд Ёшихидэ Суга, эрүүл мэндийн сайд Тамура Норихиса, мөн коронавирусний үеийн онцгой байдлын асуудал хариуцсан сайд Нишимура Ясутоши нар оролцон, дээрх шийдвэрийг гаргажээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу Гифу болон Миэ мужид ирэх ням гарагаас эхлэн онцгой байдлын дэглэм цуцлагдаж, Сайтама, Чиба, Канагава зэрэг мужид 7-р сарын 11 хүртэл хэсэгчилсэн хөл хорионы дэглэм үйлчлэх юм байна. Хэсэгчилсэн хөл хорионы үеэр ресторан паб зэрэг олон нийтийн үйлчилгээний газрууд 20 цаг хүртэл ажиллах хуваарьтай байх гэнэ.