Ижил хүйстнийг үзэн ядах дайралт Бирмингемд гарчээ

Үйл явдал

Өнгөрөгч амралтын өдөр Их Британийн Бирмингем дэх уушны газрын гадаа ижил хүйстэн хос бусдын танхай дайралтад өртөж цус нөж болтлоо зодуулсан байна.

Үүрийн 4 цагийн үед хохирогчид болох Роб, Патрик нар руу дөрвөн эрэгтэй бүлэглэн дайрч, хэл амаар доромжлон, лонх шил шидэлжээ.

Сэжигтнүүд хар өнгийн, дунд гарын жийп дотроос хос руу ижил хүйстнийг үзэн ядсан дайралт хийн хашгиралдаж байжээ. Патрик тэдний доромжилж буй үйлдлийг бичиж авахыг оролдох үед нэг нь утсыг нь шүүрэн авсан байна. Машинд хамт байсан эмэгтэй найз нар нь утсыг буцааж өгөхийг оролдсон ч тэдгээр эрэгтэйчүүд түүнийг машинтайгаа чирж давхижээ. Роб машины араас гэрлэн дохионы улаан гэрэл асах хүртэл хөөсөн байна. Сэжигтнүүд автомашинаас гарч ирэн тэднийг лонхоор шидлэн биед нь халджээ. Автомашинд чирүүлсэн Патрик ухаан алдаж унасан байна.

Одоо West Midlands-ийн цагдаагийн хэлтэс сэжигтнүүдийн хэн болохыг тодруулахын тулд тэр хавийн камеруудыг шүүн шалгаж эхэлсэн байна. Ямартай ч дундад Ази эсвэл Ази гаралтай болохыг тодруулсан.

Харин хохирогчдын нэг нь Филиппин хүн болохыг тус улсын Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Теодоро Локчин твиттертээ мэдээлж, Их Британи дахь Филиппин Улсын Элчин сайдын яамныхандаа тухайн иргэнд туслах чиглэл өгчээ.