Алжир Улс Мароккогийн талд агаарын хилээ хаажээ

Үйл явдал

Алжир улс Мароккогийн нисэх онгоцнуудад өөрийн агаарын орон зайгаа хааж, хилээ хаах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийг Алжирын аюулгүйн зөвлөл гаргаж, Мароккогийн талаас үргэлжилж байгаа өдөөн хатгасан үйлдлийн хариуд ийм арга хэмжээ авч байгаагаа тайлбарлажээ. 

Алжир улс Мароккогийн талаас агаарын хилээ хааж байгаа шийдвэрээ иргэний болоод цэргийн зориулалттай агаарын хэрэгсэлд хамаатай гэдгийг тодотгосон байна.

Энэ шийдвэр пүрэв гарагаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. 8-р сарын 24-нд Алжир улс Марокко улстай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгджээ. Ингэхдээ Алжирын гадаад хэргийн яамны мэдээлснээр Мароккогийн тал улсынх нь эсрэг дайсагнасан, өдөөн хатгасан үйлдэл гаргаж, Рабатыг исламын зэвсэгт бүлэглэлтэй холбоо сүлбээтэйд буруутгажээ.

Африкийн хоёр улс орны хоорондын харилцаа холбоо сүүлийн хэдэн арван жилд таагүй байж ирсэн. Шалтгаан нь Баруун Сахарын бүс нутгийн асуудал байгаа юм. Рабат Африкийн хойд хэсгийн Испанийн колоничлолд байсан нутаг дэвсгэрийг өөрийн газар нутаг гэж үздэг бол Алжир бүс нутгийг тусгаар байдлын төлөө тэмцдэг байна.