ИРАКИЙН ТУСГАЙ АЛБАНЫХАН “ИСЛАМЫН УЛС” БҮЛЭГЛЭЛИЙН ГОЛ САНХҮҮЧИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Үйл явдал

Иракийн тагнуулын албаныхан Исламын улс бүлэглэлийн гол санхүүч Сами Жасим аль Жабурийг илрүүлэн баривчилжээ. Түүний төлөө АНУ-ын эрх баригчид 5 сая доллар амлан эрэн сурвалжилж байсан юм. Сами Жасим аль Жабури нь Исламын улс бүлэглэлийн 2 дахь гол хүн гэж тооцогдож байжээ. Түүнийг Иракийн тагнуулын албаны явуулсан тусгай ажиллагааны дүнд илрүүлэн баривчилсан гэж мэдээлж байгаа ч ажиллагааг хаана хэрхэн явуулсан талаарх мэдээлэл байхгүй байгаа юм.

Сами Жасим аль Жабуриг Исламын улс алан хядах бүлэглэлийн гол санхүүч, хоёр дахь нөлөө бүхий хүн гэж тооцдог байна. Тиймдээ ч Америкийн эрх баригчид түүний төлөө их хэмжээний мөнгө амлан эрэн сурвалжилж байсан юм. Сами Жасим аль Жабури буюу Хажи Хамид гэх нэрээр хүрээлэл дундаа зартай түүнийг Исламын улс бүлэглэлийн санхүүг хариуцаж байсан ерөнхий нягтлан бодох нь гэж тооцдог байна. Түүнийг баривчилсан талаар Иракийн ерөнхий сайд Мустафа аль Каземи мэдээлжээ. Иракийн ерөнхий сайдын ярьснаар аль Жасимыг энэ улсын тагнуулын албаны явуулсан тусгай ажиллагааны үеэр баривчилсан гэж байгаа ч чухам аль улсын нутаг дэвсгэр дээр ажиллагааг явуулсан нь тодорхойгүй байгаа юм.

Аль Жасимыг Исламын улс бүлэглэлийн гол санхүүг барьж, халдлага үйлдэх төсөв мөнгийг хуваарилдаг байснаас гадна мөн газрын тос, байгалийн хий, ашигт малтмал, үнэт эдлэл зэргийг мөн хууль бусаар арилжиж, ашиг орлого олж байсанд буруутгаж байна. Аль Жасимыг баривчилсан явдлыг Иракийн аюулгүйн хүчнийхэн ихээхэн онцолж, түүнийг Исламын улс бүлэглэлийн талаар олон талын мэдээлэлтэй гэдгээр нь баривчилгаа чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.