ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР НЕФТИЙН ҮНЭ ӨССӨӨР БАЙНА

Үйл явдал

Дэлхийн зах зээл дээр хар алтны үнэ үргэлжлэн өссөөр байна. Даваа гарагт олон улсын таваарын бирж дээр газрын тосны ханш ойролцоогоор 1,5%-иар өсч, сүүлийн нэг жилд хамгийн их үнийн өсөлт үзүүлжээ.

Нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш шинэ долоо хоногтой зэрэгцээд шинэ дээд үнэд хүрчээ. Нью Йоркийн таваарын бирж дээр WTI маркийн нефтийн ирэх 11-р сарын фьючерс ханш өмнөх 7 долоо хоногийн арилжааны үнээс 1,17 доллараар өсч, нэг баррель нь 80,52 долларт хүрчээ. Ингэснээр WTI маркийн газрын тосны ирэх сарын фьючерс арилжааны ханш 2014 оны сүүлчээр хүрсэн үнийн дээд хязгаарыг давж, баррель нь анх удаа 80 доллар давсан байна. Түүнчлэн Брент маркийн нефтийн ханш ч мөн өсч, ирэх 12-р сарын фьючерс ханш 1,26 доллараар буюу 1,5%-иар үнэ нь өсч, нэг баррель нь 83,65 доллараар арилжаалагджээ.

Дэлхийн нефть экспортлогч улс орнуудын нийгэмлэг буюу ОПЕК, мөн ОПЕК-т нэгдэгч улс орнууд дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний эрэлт өсч байгааг үл харгалзан одоогоор нефтийн олборлолтоо нэмэгдүүлэхээр яарахгүй байна. Гэхдээ энэ хэвээр үнэ өсч, эрэлт нэмэгдсээр байвал нийлүүлэлтээ нэмэгдүүлэх болно гэдгээ бас мэдэгдээд байгаа юм.