Япон Улс 80 жилийн өмнө Сувдан эрэг лүү халдан довтолжээ

Үйл явдал

Одоогоос 80 жилийн тэртээ 1941 оны 12-р сарын 7-ны өдөр Японы сөнөөгч онгоцнууд Америкийн Хавайн арлууд дахь Пёрл Харбор буюу Сувдан эрэг лүү халдан довтолж байжээ.

Америкт энэ өдөр Сувдан эрэг лүү Япон улс халдан довтолсон аймшигт халдлагын эмгэнэлт ойг нэхэн дурсч байна. Одоогоос 80 жилийн тэртээх энэ өдөр Японы сөнөөгч онгоцнууд Сувдан эрэг дэх Америкийн цэргийн бааз руу халдан, хүн төрөлхтөний түүхэнд хараар тэмдэглэгдсэн аймшигт халдлага үйлдсэн юм.

1941 оны тэр өдөр орон нутгийн цагаар өглөө үүрээр 7 цаг 55 минутад Японы бөмбөгдөгч онгоцнууд Пёрл Харбор дахь Америкийн тэнгисийн цэргийн хүчний цэргийн бааз руу гэнэт халдан дайрчээ.

Хавайн арлууд дахь Оаху арал дээр байрлах Америкийн тэнгисийн цэргийн бааз руу халдах үед нийтдээ 2,403 цэрэг дайчин, мөн энгийн иргэн амь үрэгдэж, 1178 хүн гэмтэж шархадсан гэж тооцогддог байна.

Энэ өдөр Японы сөнөөгч онгоцнууд хоёр цагийн туршид Сувдан арлыг зогсоо зайгүй бөмбөгдөж, Америкийн тэнгисийн цэргийн хүчний 21 хөлөг онгоц, 323 нисэх онгоцыг газар дээр нь устгасан юм.

Сувдан эрэг лүү хийсэн гэнэтийн дайралтын дараа АНУ, Япон улсад албан ёсоор дайн зарласан юм.

Энэ эмгэнэлт явдлын ойн өдөр Пёрл Харборт өнөөдрийг хүртэл байсаар байгаа Америкийн “Аризона” цэргийн хөлөг онгоцонд хүндэтгэл үзүүлэн, ёслолын буудлага үйлддэг уламжлалтай.