Европын хотуудаар Майн нэгний жагсаал өрнөжээ

Үйл явдал

Майн нэгэн буюу Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдрийг дэлхийн олон улс оронд өөр өөрийнхөөр тэмдэглэлээ. Майн баярыг дэлхийн 140-өөд улс оронд тэмдэглэсэн ч энэ өдрийг баяр ёслол гэхээс илүүтэй иргэдийн дуу хоолойгоо илэрхийлэх, тэмцэл жагсаал хийх, үзэл бодол байр сууриа илэрхийлэх талбар болгон ашигласан байна. 

ФРАНЦ

Францын нийслэл Парис хотод Майн нэгний жагсаал олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа, мөргөлдөөн, эмх замбараагүй байдлаар төгсчээ. Жагсагчид хотын гудамжинд банк, санхүүгийн байгууллагын оффисын барилга руу халдаж, цагдаа нар 54 хүнийг баривчлан саатуулсан байна. Францын дотоод хэргийн сайд Жеральд Дарманен дотоодод дэгдсэн эмх замбараагүй байдлыг шүүмжлэн, жагсагчдын үймээнд өртсөн цагдаагийн ажилтнуудад туслахаа амлажээ. Майн нэгний уламжлалт жагсаалын үеэр Франц орон даяар 100 мянган хүн гудамж талбайдаа гарч жагссан байна. 

ИТАЛИ 

Италид мөн Майн Нэгний жагсаал болж, үйлдвэрчний холбоод Ром хотын Сан Жованни болон Латерано дахь талбайд пацифист сэдэвтэй баярын концерт зохион байгуулжээ. 

ГЕРМАН 

Германы Үйлдвэрчний холбоод мөн Майн Нэгний өдөр олныг хамарсан жагсаал, арга хэмжээ зохион байгуулжээ. Германы Холбооны канцлер Олаф Шольц Дюссельдорф дахь цуглаанд оролцож, цугласан олонд хандан Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ. 

ИСПАНИ

Испанийн нийслэл Мадрид хотын гудамжнаа 10 мянга гаруй хүн цугларчээ. Тэд төр засгаасаа цалин мөнгөө нэмэхийг шаардан, инфляцийн өсөлттэй тэмцэхийг шаарджээ.

ТУРК 

Туркэд Майн баярын өдөр олон нийтийн арга хэмжээ, жагсаал цуглаан явуулахыг албан ёсоор хориглоод олон жил болж байгаа ч энэ өдөр Стамбул хотын төвд олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны өдрөөр сөрөг хүчнийхэн, үйлдвэрчний холбоод, хүний эрхийг хамгаалах байгууллагынхан Таксим талбай руу нэвтрэхийг завджээ. Тэднийг цагдаа хүчнийхэн замд нь саатуулж, энэ үеэр хууль хүчнийхэн 160 гаруй хүнийг олон нийтийн эмх журам зөрчихийг завдсан хэргээр саатуулсан байна.

ОРОС

Оросод Майн баярын жагсаал цуглаан “Z” болон “V” гэсэн үсгэн билгэдлийн дор болжээ. Москва хотод цар тахлын хязгаарлалтын улмаас олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулаагүй ч өнгөрсөн сарын 12-нд Владивосток хотоос эхэлсэн “Нацизмын үзэл сурталгүй дэлхий ертөнцийн төлөө” гэсэн уриан дор болж байгаа Үйлдвэрчний холбоодын авто-жагсаал болжээ. Жагсаалд оролцогсод Кремлийн ордны дэргэдэх Мөнхийн галд очин цэцэг өргөж, Дэлхийн 2-р дайнд үрэгдэгсдэд зориулсан музейд саатжээ. Энэ арга хэмжээний гол зорилго нь Украинд явуулж байгаа ажиллагаанд оролцож байгаа Оросын цэрэг дайчдыг дэмжих явдал байжээ. Авто-жагсаал Москва хотоос цаашлан Волгоград, Севастополь зэрэг Аугаа Эх орны дайны баатар хотуудад үргэлжилнэ.