Европын улс орнуудад “Defender Europe 2022” буюу “Европын хамгаалагч” нэртэй өргөн хүрээний цэргийн сургуулилт эхэллээ... Цэргийн сургуулилтад 20 гаруй улс орны 18 мянган цэргийн албан хаагч хамрагдан оролцож байна.
“Европын хамгаалагч-2022” цэргийн нэгдсэн сургуулилт Польшийн нутаг дэвсгэрт, мөн өөр 8 байрлалд энэ сарын 1-нээс 27-ны өдрүүдэд болж байгаа юм. Нэгдсэн сургуулилтд Америк, Франц, Швед, Герман, Дани, Их Британи зэрэг улс орон оролцож байна. Цэргийн сургуулилт, манёврын нэгдсэн командлалын мэдээлж байгаагаар энэ удаагийн сургуулилт урьднаас төлөвлөгдсөн, өнөөгийн геополитикийн үйл явдалтай холбоогүй болохыг тэмдэглэжээ. Гэхдээ Орос-Украины хямрал, Украины дайны улмаас цэргийн нэгдсэн сургуулилт онцгой ач холбогдолтой болжээ.
Польшийн нутаг дэвсгэрт явагдаж байгаа сургуулилтад ойролцоогоор 7 мянган цэрэг дайчин оролцож байгаа юм. Тэд Польшийн Дравско-Поморын цэргийн бүс, Жагани болон Бемово-Писки гэх газрууд дахь цэргийн полигонд нэгдсэн сургуулилтад хамрагдаж байна. Польшийн батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурьдсанаар цэргийн манёврыг боловсруулахад Пентагон оролцож, НАТО болон Америкийн Холбоотнуудын цэрэг дайны бэлэн байдал, мөн үйл ажиллагааны чиглэл манёврыг боловсронгуй болгоход чиглэгдсэн болохыг тэмдэглэжээ. Цэргийн сургуулилтын үеэр Америкийн цэргийнхэн “Леопард” танк, мөн “Брэдли” цэргийн хуягт машинаар даалгавар гүйцэтгэж байна.