НҮБ дахь ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр танхимыг орхин гарчээ. Тэрээр Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишелийг Аюулгүйн зөвлөлд хандан мэдэгдэл хийх үеэр түүний мэдэгдэл, байр суурийг эсэргүүцэн хуралдааны танхимыг орхисон байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар Украин дахь нөхцөл байдлыг хэлэлцэж, дайн тулааны үеэр хүний наймаа, хүчирхийлэл газар авч байгаа талаар хэлэлцжээ. Тэгвэл Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель энэ сэдвээс гадна мөн Оросын тал Украины боомтуудыг хааснаас шалтгаалан үр тарианы экспорт зогсч, дэлхийн улс орнуудад хоол хүнсний хямрал нүүрлэж болзошгүй байгаа талаар хөндсөн байна. Шарль Мишель мэдэгдэлдээ: -Оросын тал дэлхийн улс орнуудад нүүрлэж болзошгүй хүнсний хямралын гол буруутан, тиймээс хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Украинд ажиллах үеэрээ Одессын боомтод хэдэн сая тонн үр тариа чингэлэгтээ, мөн хөлөг онгоцнууд дээрээ гацаж, Оросын дайралт хоригоос шалтгаалан Хар далайн боомтуудад хорионд байгааг нүдээр харсан. Тиймээс хэрвээ ноён элчин та энэ талаарх үнэн байдлыг сонсох хүсэлгүй байгаа бол танхимыг орхиж болно гэжээ...
Сүүлд НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский Шарль Мишелийн мэдэгдлийг үнэн байдалд нийцэхгүй, Барууны орнууд зөвхөн өөрт тааруулан нөхцөл байдлыг эргүүлж байгаад буруутгажээ.