Америкийн Нью Йорк мужийн Холбооны шүүгч Оросын тэрбумтан Роман Абрамовичийн эзэмшлийн хоёр нисэх онгоцыг хураах ордер гаргажээ. Америкийн хуульзүйн яамнаас гаргасан хүсэлтийн дагуу энэ шийдвэрийг гаргасан байна.
Шүүхээс Оросын тэрбумтан Роман Абрамовичийн эзэмшлийн Boeing 787-8 Dreamliner болон Gulfstream G650ER онгоцыг хураахыг дэмжсэн шийдвэр гаргасанбайна. Америкийн хуульзүйн яамны мэдээллээр эдгээр хоёр онгоц өнгөрсөн 3-р сард Америкийн нутаг дэвсгэрийг орхин Орос руу нисчээ. Тэгвэл ийнхүү нислэг үйлдсэн нь Барууны орнуудаас Украины дайнтай холбоотойгоор Оросын эсрэг тавьсан хоригийг зөрчсөн үйлдэл гэж тооцсон байна. Өнөөдөр Абрамовичийн эзэмшлийн хоёр онгоцны нэг нь болох 350 сая долларын үнэ бүхий Боинг онгоц Дубайд, харин Gulfstream онгоц Оросод байгаа юм. АНУ, одоогоор Роман Абрамовичийн эсрэг хувь хориг тавиагүй байгаа ч ЕХ тавьсан. Энэ дагуу Абрамовичийн давхар иргэншилтэй Португали улсад Оросын тэрбумтны 10 сая еврогийн үнэ бүхий хувийн эдлэнд хориг тавиад байгаа юм.