Коронавируст халдварын дараа өнгөрсөн 5-р сард дэлхийн улс орнуудад бүртгэгдэж эхэлсэн сармагчны цэцэг өвчний тохиолдол мянга даваад байгаа талаар ДЭМБ-аас мэдээллээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесусын мэдээлж байгаагаар ихэвчлэн Африкийн орнуудад илэрдэг энэ өвчин өнөөдрийн байдлаар дэлхийн 29 улс оронд илэрчээ.
ДЭМБ-ын тэргүүн сармагчны цэцэг өвчин ийнхүү хүрээгээ тэлэн халдварлаж байгаа ч өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна. Женев хотод хийлгэсэн хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ он гарсаар Африкт сармагчны цэцэг өвчний 1,400-аад сэжигтэй тохиолдол илэрч, 66 хүн нас барсан гэж мэдээллээ. Мөн одоогоор Африкаас бусад улс оронд илэрсэн сармагчны цэцэг өвчин ихэнхдээ ижил хүйстэн эрэгтэйчүүдийн дунд илэрсэн гэж байгаа ч эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдлууд байгааг тэмдэглэжээ. Сармагчны цэцэг өвчин агаар дуслын замаар дамжих, мөн халдвартай хүний биед хүрэх зэргээс халдварлаж байгааг ДЭМБ-ын мэргэжилтнүүд хэлж, өвчний халдвар тусвал гэртээ тусгаарлагдахыг зөвлөж байна.