Дэлхийн улс орнуудад газрын тосны томоохон үйлдвэрлэгчид хүчин чадлаа хязгаарлаж байгаагаас газрын тосны эрэлт нэмэгдэж байна.
Газрын тосны гол үйлдвэрлэгч орнууд болох Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсууд олборлолтоо нэмэхээс татгалзаж байгаа, мөн Ливи, Эквадор дахь улс төрийн эмх замбараагүй байдал нийлүүлэлтийн асуудалд сөрөг нөлөө үзүүлж байгаа зэрэг хүчин зүйлээс шалтгаалан нефтийн үнэ өссөөр байна.
Дэлхийн таваарын биржүүд дээр Америкийн Баруун Техасын (WTI) түүхий нефтийн фьючерс 1,13 ам.доллар буюу 1%-иар өсч, баррель нь 110,7 ам.долларт хүрсэн нь өмнөх өдрөөс 1,8%-ийн өсөлттэй байжээ. Мөн Брент маркийн нефтийн фьючерс ханш 1,26 ам.доллар буюу 1,1%-иар өсч, баррель нь 116,35 ам.доллар болсон нь өмнөх өдрийн ханшаас 1,7%-иар өссөн байна.
Арабын Нэгдсэн Эмират болон Саудын Араб нь ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын ОХУ-ын нийлүүлэлтийн алдагдлыг нөхөх чадалтай, нөөц хүчин чадал бүхий хоёр оронд тооцогдож байгаа...
Commonwealth банкны түүхий эдийн шинжээч Тобин Горигийн үзэж байгаагаар "Газрын тосны нийлүүлэлт багасч байгаа нь зах зээлийн үнийн өсөлтөнд нөлөөлсөн. Саудын Араб болон Эмират гэсэн хоёр томоохон олборлогч улс ойрын хугацааны хүчин чадлын хязгаартаа хүрсэн эсвэл тун ойрхон байна" гэж мэдэгджээ.
Арабын Нэгдсэн Эмиратын Эрчим хүчний сайд Сухайл аль-Мазруэйн мэдэгдсэнээр Арабын нэгдсэн Эмират улс ОПЕК болон ОПЕК-т нэгдэгч орнууд гэрээний дагуу олборлолтоо хамгийн дээд хэмжээнд хүргэн, өдөрт 3 сая гаруй баррель газрын тос олборлож байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Америкийн тэргүүн Жо Байдентай уулзах үеэрээ энэ мэдээллийг баталсан. Арабын Нэгдсэн Эмират улс газрын тос бүхий л хүчин чадлаараа үйлдвэрлэж байгаа бол Саудын Араб 2 сая баррель олборлох хүчин чадалтай ч өнөөдөр энэ хэмжээнээс хамаагүй бага буюу өдөрт ердөө 150 мянган баррель газрын тос үйлдвэрлэж байна.
Шинжээчид Эквадор, Ливи дэх улс төрийн үймээн самуун газрын тосны үнийг цаашид улам чангаруулж болзошгүйг анхааруулж байна.
Ливийн Үндэсний газрын тосны корпорац Сиртийн булан дахь газрын тосны терминалуудад олборлолт, тээвэрлэлтийг сэргээхгүй бол Сиртийн булангийн бүсэд нийлүүлэлт зогсонги байдалд орохыг анхааруулж байна.
Эквадорын Эрчим хүчний яам улс оронд нь дэгдээд байгаа засгийн газрын эсрэг иргэдийн жагсаалын улмаас газрын тосны олборлолт буурч, цаашлаад бүрэн зогсоож магадгүй байгаа талаар мэдээлсэн. ОПЕК-ийн гишүүн улс байсан Эквадорт жагсаал болохоос өмнө өдөрт 520 мянган баррель нефть олборлож байжээ.
Haitong Futures-ийн шинжээчид геополитикийн хүчин зүйлсийн талаар илүү тодорхой удирдамж хүлээж байгаа ч таваарын биржүүд, газрын тосны зах зээл дэх олборлолт нийлүүлэлт тогтворгүй байгааг тэмдэглэж байна. Түүнчлэн "Их 7"-ын удирдагчид ОХУ-ын нефтийн үнийн дээд хязгаарыг тогтоох, эрчим хүчний үнийг бууруулах талаар хэлэлцэн тодорхой шийдвэрүүд гаргаж байна.