Европын улс орнуудад Дэлхийн Цаг уурын байгууллагын олон жилийн тандалтаар 6-р сард цаг агаар огцом халж, аагим халуун нүүрлээд байна. Испани, Франц зэрэг оронд 6-р сард олон жилийн дунджаас бараг сарын өмнө хэт халуун цаг агаар тогтож, ойролцоогоор 10-аад градус илүү халжээ. Хэт халалтын улмаас ган гачиг, ойн түймэр, бусад байгалийн онц үзэгдэл нүүрлэж болзошгүй байна.
Европ тивд ихэнхдээ 7-р сарын сүүлч, 8-р сарын эхээр хэт халуун нүүрлэдэг ч энэ жил сарын өмнөөс цаг агаар хэт халжээ. Испанийн Андалуст 1950 оноос хойш анх удаа 6-р сард Цельсийн 44 градус хүртэл халсан байна. Цаг агаар хэт халж байгаагаас ойн түймэр гарч, хоромхон зуурт хүрээгээ тэлжээ. Испанид дэгдээд байгаа түймэрт хэдэн мянган га ойн бүс өртөн шатаж байна. Түймрийн улмаас 1,700 гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ.Андалусын Андухар хотод энэ жилийн хамгийн халуун өдөр 6-р сарын 17-нд тохиож, өдөртөө Цельсийн 44,3 градус хүрч халсан байна. Түүнчлэн Испанийн хойд болон зүүн хойд хэсгийнКаталони, Наварра, Баскония, өмнөд хэсгийн Андалуст өдөртөө Цельсийн 40-42 градус хүртэл халж байна. Цаг агаар хэт халж байгаагаас ойн түймэр хаа сайгүй дэгдэж, сүүлийн өдрүүдэд 25 мянган га газар нутаг түймэрт өртөн шатжээ.
Францад мөн цаг агаар хэт халж, энэ улсын эрх баригчид зүрх судасны өвчтэй, өндөр настай иргэдээ онцын шаардлагагүй бол гадаа гарахгүй байхыг зөвлөж байна.
Баруун Европын бусад улс орнуудад, тэр байтугай Швейцарын уулын бүсэд өдөртөө 36 градус хүртэл халж байна. Германд цаг агаар мөн хэт халж Баден-Вюртембергэд аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Цаг уурчид энэ хэвээр халсаар байвал Германы баруун өмнөд нутгаар 2002 оноос хойшхи температурын дээд рекорд эвдэгдэхээр байна гэж анхааруулж байна.