ОХУ цөмийн дайралтаас хамгаалах стратегийн цөмийн хүчний сургуулилт өчигдөр Лхагва гарагт хийсэн байна. Сургуулилтыг Ерөнхийлөгч Владимир Путин алсаас ажигласан бичлэгийг Оросын хэвлэл мэдээлэл дамжууллаа.
Украины бохир бөмбөгтэй холбоотой Оросын мэдээлэл гүтгэлгийн үеэр цөмийн сургуулилт хийж байгааг барууны хэвлэл мэдээлэл мөн холбон ярьж байна. Цэргийн тусгай ажиллагаа 2-р сард эхэлснээр хойш анх удаа Орос цөмийн сургуулилт хийж байгаа юм. Хамгийн сүүлд цэргийн ажиллагаа эхлэхээс 5 хоногийн өмнө болж байжээ. Сургуулилт хийх гэж байгаагаа “шинэ эхлэл” зэвсгийн гэрээний дагуу АНУ-д урьдчилан мэдэгдсэн гэж Вашингтон Мягмар гарагт мэдээлсээн. Умард Атлантын Цэргийн эвсэл мөн яг энэ үеэр өөрсдийн цөмийн сургуулилтыг хийж байгаа юм.
ОХУ цөмийн шумбагч онгоц, стратегийн бөмбөгдөгч онгоц, баллистик пуужин оролцуулсан сургуулилт хийж, цөмийн довтолгооноос хамгаалах дадлага сургуулилт хийсэн байна. Арктикаас Оросын Алс Дорнод руу баллистик болон далавчит пуужин харвасан гэж Кремлиэс мэдэгджээ. Жил бүр зохион байгуулдаг Гром буюу Аянга нэртэй уг сургуулилтыг Ерөнхийлөгч Владимир Путин алсаас ажиглажээ. Москва цөмийн зэвсгийн хүчнээр дайснаа хэрхэн таслан зогсоох, айлган сүрдүүлэхээ сургуулилтаар харуулдаг гэж Ройтерс тайлбарлалаа. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергеи Шойгу.. сургуулилтаар дайсны цөмийн цохилтын хариуд, стратегийн довтолгооны хүчний асар том цөмийн цохилт өгөх дадлага хийсэн гэж Путинд хэллээ. Цөмийн хүчин чадалтай тив хоорондын баллистик пуужинг хуурай газар болон далайгаас хөөргөх, TU-95MS бөмбөгдөгч онгоцнуудын агаараас харвасан далавчит пуужингуудын туршилтууд амжилттай боллоо гэж Штабын дарга Валерий Герасимов нэмж мэдээлжээ.
Орос цөмийн сургуулилт хийх гэж байгаагаа зэвсгийн хяналтын гэрээний дагуу АНУ-д урьдчилан мэдэгдсэн талаар Вашингтон өмнөх өдөр нь мэдээлсэн юм. НАТО-гийн хүчин мөн энэ Ням гараг хүртэл өөрсдийн цөмийн сургуулилтыг Хойд Европт хийж байна. Бельги, Их Британи болон Хойд далай дээгүүр эвслийн 14 орныг хамарсан сургалтын нислэг үйлдэж байгаагаа мэдэгдсэнийг ВВС дамжууллаа.