Афганистан Улсад амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

Үйл явдал

Афганистан улсын нийслэл Кабул хотын Гадаад хэргийн яамны гадаа нэгэн этгээд биедээ бөмбөг тээн дэлбэлжээ. Түүний энэ амиа золиослосон дэлбэрэлтээс болж 5 хүн амь үрэгдсэн гэж Кабулын цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Харин өөр нэгэн Талибаны албан хаагчийн мэдээлснээр амиа алдагсдын тоо 20 хүрсэн гэжээ.

Афганистаны нийслэл Кабул хотын Гадаад хэргийн яамны гадаа амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлснээс хойш их хэмжээний хохирол гарлаа. “Исламын улс” гэх бүлэглэлийн нэг салбар "Исис-К" өөрсдийгөө халдлага үйлдсэн гэж мэдэгдсэн байна. Дэлбэрэлтийн ойр орчимд Турк, Хятад гэх мэт улсуудын элчин сайдын яам байжээ. Халдлага орон нутгийн цагаар 16 цагийн үед болсон байна. Бөмбөгдөгч этгээд Гадаад хэргийн яам руу нэвтрэхийг оролдсон ч бүтэлгүйтсэн тухай гэрчүүд мэдээлжээ. Яамны барилга ноцтой эвдрээгүй, ойролцоох Дотоод хэргийн яамны цонхны шилнүүд дэлбэрэлтэд хагарсан байна. Харин Кабул дахь онцгой байдлын ТББ 40 гаруй шархадсан хүнийг хүлээн авсан, хохирогчдын тоо нэмэгдсээр байна гэлээ.

Кабулын цагдаагийн газраас гэмт этгээдүүдэд хуулийн хатуу хариуцлага тооцно гэж мэдэгдэлдээ нэмж хэлсэн байна. Isis-K бүлэг телеграм хуудас дээрээ дэлбэрэлтийн улмаас 20 гаруй хүн амиа алдсан, түүний дотор хэд хэдэн дипломат ажилчид байсан гэж бичжээ. Халдлага болох үед Хятадын төлөөлөгчид Гадаад хэргийн яаманд хэлэлцээ хийхээр ирсэн гэх таамаглал байсан ч, тэнд ямар ч гадаадын иргэн байгаагүйг холбогдох албан тушаалтан батлан хэлжээ. Талибууд хөрш зэргэлдээх орнуудаас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа энэ үед гадаадын иргэд, гадаадын ашиг сонирхлыг онилсон цуврал халдлага ихээхэн гарлаа. Үүнийг голчлон “Isis-K” бүлэглэл зохион байгуулснаа зарласан.