Хятад Улсад зарим иргэд коронавирусын улмаас нас барсан гэр бүлийн гишүүдийнхээ дурсгалд гашуудан баяр тэмдэглэх боломжгүй байна

Үйл явдал

Хятад улсын ард түмний хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг Хаврын баяр ойртож байна. Сая сая иргэд төрөлх нутагтаа буцаж очин, гэр бүлийнхэнтэйгээ баяраа өнгөрөөхөөр бэлдэж байгаа ч, нөгөө талд эсрэгээрээ олон хүмүүс коронавирусын хүндрэлийн улмаас нас барсан гэр бүлийн гишүүдийнхээ дурсгалд гашуудан баяр тэмдэглэх боломжгүй болжээ.

Хятад улс тэг ковид хорио цээрийн дэглэмээ гэнэт цуцалснаас болж, сүүлийн үед коронавирусын шинэ давалгаа Хятад даяар тархаж байгаа. Эмнэлгийн байгууллагууд ачааллаа дийлэхгүй, өвчтөнүүд суух ч зайгүй шалаар хэвтэцгээжээ. Нэгэн нэрээ нууцалсан 66 настай Бээжин хотын оршин суугч Жан Ройтерс агентлагт Хаврын баяр тэмдэглэхгүй тухайгаа хуваалцсан байна. Түүний 3 хамаатан садан, нэг гэр бүлийн найз нь коронавирусын халдвар авсан нь батлагдаад удалгүй нас барсан гэжээ. Тэрээр баяр тэмдэглэх нь байтугай, олон нийтийн газраар явж, хүнтэй харилцахад ч хүнд байгаа гэж хэлсэн байна. Жан-ы 88 настай авга эгч нь ковидын халдвар авснаас хойш хоёр өдрийн дараа зүрхний дутагдал гэсэн оношоор бурхан болжээ. Хятадын эрх баригчид ийм тохиолдлыг албан ёсны ковид-н нас баралтын тоонд тооцдоггүй аж.

1-р сарын 14-нд Хятад улс тэг ковид бодлогоо цуцалснаас хойш нийт 60 мянган хүн амиа алдсан тухай тоо баримт дэлгэсэн. Энэ бол хэдийнэ маш их тоо ч гэсэн, бодит байдалд үүнээс их хүн нас барж байж болох юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Хаврын баярыг тохиолдуулан иргэд олноороо мужаас муж, хотоос хотын хооронд зорчиж байгаа учраас халдварын тархалт түргэсч 2.1 сая хүний аминд хүрч болзошгүй гэжээ. Эмнэлгийн тусламж нөөц бололцоо хангалттай хүрэлцээгүйгээс болж ялангуяа хөдөө орон нутагт байгаа өндөр настнууд илүү өртөх магадлалтай байна.