Victoria’s Secret загварын шоуны нүүр царайгаар хөлбөмбөгчин, ЛГБТ бүсгүйчүүд сонгогджээ

Энтертэйнмент

Victoria’s Secret загварын шоу хоёр жил өнжсөний дараагаар цоо шинэ форматаар эргэн ирэх нь ээ... Ингэхдээ сахиусан тэнгэрүүдийнхээ оронд хөлбөмбөгийн од, мөн ЛГБТ нийгэмлэгийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийг загварын шоундаа оролцуулах юм байна.

Америкийн дотуур хувцасны нэртэй брэнд шоугаа сэргээхдээ цоо шинэ хэв маягаар эргэн ирэхээр болжээ. Victoria’s Secret загварын шоу нь загварын ертөнцийн хамгийн их хүлээлттэй, хамгийн их дуулиан шуугиан тарьдаг шоу байсан ч 2018 оноос шоугаа зогсоожээ.

Феминист хөдөлгөөнийхэн Victoria’s Secret-ийн шоунд оролцдог өв тэгш биетэй сахиусан тэнгэрүүд эмэгтэйчүүдийг бүрэн төлөөлж чадахгүй гэж үзэн, шоу нь гоо үзэсгэлэн, харагдах байдлыг хэтэрхий их шүтсэн, бусад жирийн эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан өнгө аястай гэсэн шүүмжлэл гаргажээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах #metoo хөдөлгөөнийхэн Victoria’s Secret-ийн шоуг мөн эсэргүүцсэнээр шоуны үзэгчдийн тоо ердөө 3,3 сая болтлоо унасан юм.

Улмаар 2019, 2020 онуудад Victoria’s Secret-ын загварын шоу зохиогдоогүй байна. Тэгвэл Victoria’s Secret брэнд өөрийн нэрийн загварын шоугаа эргэн тайзнаа амьдруулахаар тогтож, дээрх шүүмжлэлүүдийг хүлээн авснаар брэндийн шинэ нүүр царайгаар хөлбөмбөгийн спортын од Меган Рапино, Энэтхэгийн жүжигчин, продюсер Приянка Чопра нар, мөн түүнчлэн ЛГБТ нийгэмлэгийн төлөөлөл багтахаар болжээ.