Бритни Спирс сүй тавьснаа зарлажээ

Энтертэйнмент

Америкийн поп дуучин Бритни Спирс сүй тавьснаа зарлажээ. Тэрээр 27 настай фитнес-дасгалжуулагч, жүжигчин Сэм Асгаритай 5 жил дотно харилцаатай байж, хосууд сүй тавьснаа зарласан байна.

Дуучин инстаграмм хуудсан дээрээ ядам хуруундаа сүйн бөгж зүүсэн зургаа оруулсан байна. Бритни Спирс өмнө нь эцэг нь түүний хууль ёсны асран халамжлагч байхад нөхөрт гарах боломжгүй байсан, тэр байтугай хүүхэдтэй болохыг нь ч хориглоод байсан талаар ярьж байжээ.

Асран халамжлагчид нь түүний санхүү мөнгийг бүрэн хянаж байсан ч Бритни шүүхээр дамжуулан эцгийнхээ дарамт шахалтаас ангижирч чадсан юм.

Бритни Спирсын сүйт залуу нь Иранаас цагаачлан ирсэн гэр бүлээс гаралтай, хувийн фитнес-дасгалжуулагч, жүжигчний мэргэжилтэй юм.

Тэд 2016 онд “Slumber Party” дууны клипний зураг авалтын үеэр танилцан, тэр цагаас дотносчээ. 39 настай дуучин бүсгүй өмнө нь хоёр удаа нөхөрт гарч байсан юм. 2004 онд тэрээр багын найз Жейсон Александртай гэрлэсэн ч тэдний хамтын амьдрал хэдхэн хоног л үргэлжилсэн.

Тухайн жилээ бүжигчин Кевин Федерлайнтай гэрлэж, 2 хүүгээ төрүүлсэн ч хосууд 2007 онд салжээ.