Энтертэйнмент

Италийн Лидо арал дээр Венецийн олон улсын кино наадам өндөрлөж, наадмын шагналтнууд тодорлоо. Венецийн кино наадмын алтан арслан шагналыг эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндсөн Францын кино найруулагч Одри Диваны “Happening” буюу “Үйл явдал” нэртэй кино хүртжээ.

Венецийн олон улсын кино наадмын шагналтнуудыг тодруулах ёслолын арга хэмжээ Людо арлын кино ордонд болжээ. Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хо тэргүүтэй шүүгчдийн бүрэлдэхүүн наадмын ялагчдыг нэрлэсэн байна.

Венецийн кино наадмын гол шагнал болох “Алтан арслан” шагналыг хүртсэн Францын кино найруулагчийн бүтээлд 1960-аад оны үеийн Франц оронд хүсээгүй жирэмслэлтээс ангижрахын тулд хууль бусаар үр хөндөлт хийлгэж байгаа оюутан бүсгүйн талаар өгүүлжээ.

Кинонд коллеждаа үргэлжлүүлэн сурахын тулд хатуу ял шийтгэлтэй, шоронд сууж амиа алдах эрсдэлтэй ч үр хөндүүлэх арга зам эрэлхийлж байгаа эмэгтэйн түүхийг өгүүлсэн байна.

Испанийн кино жүжигчин Пенелопа Крус найруулагч Педро Альмодоварын бүтээл “Парралель эхчүүд” кинонд бүтээсэн дүрээрээ наадмын “шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал хүртжээ. Пенелопа Круз шагналаа гардан авах үеэрээ өөрийн парралель ээжүүд болох төрсөн ээждээ, мөн хадам ээждээ талархал илэрхийлсэн байна.

Венецийн кино наадмын “шилдэг кино зохиол”-ын шагналыг “Алдагдсан охин” бүтээлээр Америкийн жүжигчин, продюсер Мэгги Жилленхол хүртжээ.