Оросын “Сансрын кино баг” сансрын уудмыг зорин хөөрчээ

Энтертэйнмент

Оросын Байконур дахь сансрын нислэгийн төвөөс анхны сансрын кино багийн гишүүд сансрын уудмыг зорьжээ. Сансрын тухай уран сайхны кино бүтээх багийнхан Союз-МС-19 сансрын хөлгөөр  сансрын уудам руу амжилттай нисчээ.

Оросын кино бүтээгчид сансрын сэдвээр үнэн байдалд хамгийн их ойртсон бүтээл туурвихаар сансар огторгуйг зорьсон байна. 

“Дуудлага” нэртэй уран сайхны киноны багийн 2 гишүүн Союз МС-19 хөлгийн багтай хамт сансарт нисэх бэлтгэл хийн, улмаар киноны найруулагч Клим Шипенко болон гол дүрийн жүжигчин Юлия Пересильд нар сансарт нисчээ.

Тэд Союз МС-19  хөлгийн ахмад Антон Шкаплеровын хамтаар ОУСС-ыг зорин хөөрчээ. “Дуудлага” киног Оросын Роскосмос агентлагтай хамтран бүтээж байна. Кинонд сансрын уудамд сансрын нисэгчид яаралтай мэс засал хийх даалгавар авсан эмч бүсгүйн тухай өгүүлэх юм.

ОУСС дээр киноны зураг авалт 12 хоног үргэлжилж, улмаар Пересильд болон Шипенко нар Союз МС-18 хөлгийн багийн гишүүн Олег Новицкийтэй эх дэлхийдээ эргэн ирнэ.