Японд эртний үлэг гүрвэлийн чулуужсан араг ясыг олонд харуулжээ

Энтертэйнмент

Японы эрдэмтэн судлаачид улсынхаа баруун хэсгийн Хёго мужийн Авази-сима арал дээрээс олдсон эртний үлэг гүрвэлийн чулуужсан яс, олдворыг олонд дэлгэн үзүүлжээ. Тэдний үзэж байгаагаар эртний олдвор нь өмнө нь танигдаагүй үлэг гүрвэлийн төрөл гэнэ.

Японы судлаач эрдэмтэд энэхүү олдворт Яматозавр Изанаги гэх нэр өгсөн байна. Эртний үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг 17 жилийн өмнө олж илрүүлсэн юм. Эрдэмтэд чулуужсан араг ясыг Цэрдийн галавын хожуу үед хамаарах, 72 сая жилийн настай олдвор гэж тооцжээ. Үлэг гүрвэлийн ясыг Авази-сима арлын Сумото гэх хотын ойролцоогоос олсон юм. Нутгийн иргэн Кишимото Синго энэхүү чулуужсан араг ясыг олж эрдэмтдэд мэдээлжээ. Улмаар Хоккайдогийн их сургуулийн профессор Кобаяши Ёсицугу тэргүүтэй эрдэмтдийн баг чулуужсан үлэг гүрвэлийн ясыг шинжлэн судалжээ. Тэдний хийсэн судалгаагаар энэ нь өмнө нь шинжлэх ухаанд танигдаагүй үлэг гүрвэлийн төрөл гэнэ.

Шүд болон ясны бүтцийг нь шинжилсний дүнд судлаачид энэхүү үлэг гүрвэлийг 7-8 метрийн урттай, 4-6 тонн жинтэй, Цэрдийн галавын сүүл үед амьдарч байсан үлэг гүрвэл гэж үзжээ. Улмаар үлэг гүрвэлд Яматозавр Изанаги буюу Ямато –эртний цаг үе, мөн Изанаги буюу олдвор олдсон Авази-сима арлын нэртэй уялдуулан шинжлэх ухаанд танигдах нэр өгчээ.