Улс төр

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны ээж Шарлотта Жонсон-Вал 79 насандаа Лондоны эмнэлэгт хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Жонсоны гэр бүлийнхэн Times сонины буланд энэ тухайгаа мэдээлж, Шарлотта Жонсон-Вал Лондоны Паддингтон дүүрэг дэх Сэнт-Мэрис эмнэлэгт тайван нойрссон талаар бичжээ. 

Их Британийн засгийн газрын тэргүүний гэр бүлд тохиолдсон уй гашууг Жонсоны журмын нөхөд хуваалцан эмгэнэл илэрхийлж байна. Шарлотта Жонсон-Вал нь 1972-1981 онуудад Европын хүний эрхийн комиссыг тэргүүлж байсан нэртэй хуульч, сэр Жеймс Фосеттын охин юм.

Тэрээр хүүгийнхээ эцэг Стенли Жонсонтой Оксфордын их сургуульд суралцаж байхдаа танилцан, 1963 онд гэрлэн, 4 хүүхэд төрүүлжээ. Борис Жонсон ах дүү 4-лээ, түүний дүү Жозеф- консерватив намын улс төрч, Лео нь бизнесмен, эмэгтэй дүү Рэйчел нь сэтгүүлч юм.

Тэдний эцэг эх 1979 онд салж, 1988 онд Шарлотта Жонсон Америкийн түүхч Николас Валтай гэрлэжээ. Шарлотта хоёр удаа нөхөрт гарахдаа 2-лангийнх нь овгийг нэрэндээ оруулжээ.