Италид Каталонийн салан тусгаарлагчдын тэргүүн Карлес Пучдемоныг баривчилжээ

Улс төр

Испанийн Каталони мужийн салан тусгаарлагчдын тэргүүн Карлес Пучдемоныг Италид баривчлан саатуулжээ. Каталонийн экс тэргүүнийг Испанийн талын хүсэлтээр саатуулж, улмаар эх оронд нь шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байна. 

Каталонийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчийг Италийн Сардиния арлаас саатуулсан байна. Түүнчлэн Испани улсаас 2019 оны 10-р сард олон улсын хууль хүчний байгууллагад гаргасан хүсэлт, олон улсын ордерын дагуу саатуулжээ.

Тэгвэл Пучдемоны өмгөөлөгч Гонсало Бойе-гийн мэдээлснээр Пучдемон Италийн Сардини арал дээр Европарламентын гишүүний хувиар ажилтай явахад нь орон нутгийн хууль сахиулагчид саатуулсан гэжээ.

Түүнчлэн түүний өмгөөлөгчийн мэдээлж байгаагаар улс төрчийг саатуулахад үзүүлсэн баривчлах ордерыг ЕХ-ны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоод байсан гэжээ. Испанийн эрх баригчид Пучдемоныг 2017 онд Каталонид хууль бусаар Испаниас салан тусгаарлах асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулж, олон нийтийг үймүүлэн өдөөн хатгасанд буруутган хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсч байгаа юм.

Карлес Пучдемон Каталонид явуулсан бүх нийтийн санал хураалт амжилтгүй болсны дараа Испаниас зугтаж, 2019 онд Европарламентын гишүүнээр сонгогдон улмаар шүүх мөрдөн шалгах ажиллагаанаас ангид байх бүрэн эрх олж авсан юм. Гэсэн ч энэ оны 3-р сард Европарламент түүний дархан эрхийг түтгэлзүүлсэн байна.